Гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байснаас тэд нийгэмд гадуурхагдаж ирсэн. Энэ байдлын улмаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой арга барилыг хэрэгжүүлэх, эдийн засгийн бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжийг хязгаарлаж байсан юм. Гэсэн хэдий ч бичил уурхайн талаарх мэдээлэл сурталчилгааг түгээх, нийгмийн сөрөг байр суурийг багасгах, хувиараа ашигт малтмал олборлогчдыг албажуулах, тэдний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг таниулахад төр засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүчин чармайлтад их билээ.
Гар аргаар ашигт малтмал олборлогчид нь ихэнхдээ мэдлэг мэдээлэл, технологийн ур чадвар дутмаг, санхүүгийн боломж бололцоо муу байдгаас үүдэн олборлолт явуулж эвдрэлд оруулсан талбайг байгаль орчинд ээлтэй байдлаар нөхөн сэргээхэд тун хүндрэлтэй байдаг байсан. Уурхайлалтын улмаас үлдэж орхигдсон дүүргээгүй нүх цооног, дагтаршсан хөрс, шимт хөрсний элэгдэл, ургамалжилтын доройтол, гол усны бохирдол, бэлчээрийн доройтол, зэрлэг байгальд үзүүлсэн сөрөг нөлөөлөл зэрэг байгаль орчны асуудлууд нь нутгийн иргэд, оролцогч талуудын эрх ашгийг хөнддөг. Иймээс гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд орон нутгийн шийдвэр гаргах үйл явцын гадна орхигдож үлддэг.
Бичил уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь бичил уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орж доройтсон газрыг эдийн засгийн хувьд өртөг бага, хэмнэлттэй; олон нийт хүлээн зөвшөөрөхүйц; тухайн орон нутгийн байгаль экологид тохирсон байдлаар нөхөн сэргээх аргачлал юм. Энэхүү аргачлалд заасан арга техникүүд нь бичил уурхайчид, нутгийн иргэдийн хувьд боломжийн зардлаар гүйцэтгэх, эвдэрч доройтсон газрыг нөхөн сэргээхэд зориулагдсан орон нутгийн санхүүжилтийн бусад эх үүсвэрээс дэмжигдэх бололцоотой, хүлээн зөвшөөрөхүйц, тогтвортой нөхөн сэргээлт хийх талыг харгалзсан байдаг. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн энэхүү аргачлал нь уул уурхайн нөхөн сэргээлтийн технологийн нэгэн адил техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэсэн хэсгүүдээс бүрддэг байна.
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26