planetGOLD Монгол төсөл нь хэрэгжих хугацаандаа албажуулалт, хүний эрх, жендэр, байгаль орчны нөхөн сэргээлт, алтны нийлүүлэлтийн сүлжээ, бизнесийн удирдлага, хариуцлагатай бичил уурхай, хөдөлмөрийн аюулгүй байдал, мөнгөн усны хор уршиг гэх зэрэг хариуцлагатайгаар бичил уурхай эрхлэхтэй холбоотой сургалт, судалгаа, бодлогын баримт бичгийг бичил уурхайчдын хэрэгцээнд үндэслэн, холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан билээ.
Төсөл 2024 онд дуусгавар болж буйтай холбогдуулан “Үнэт Металлын Салбарын Нэгдсэн Чуулган”-ы үеэр дээрх боловсруулсан сургалтын цогц хэрэглэгдэхүүн болон холбогдох бодлогын судалгааг Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр гардуулан өгөв.
Ингэснээр тус холбооны зүгээс planetGOLD Монгол төсөл дуусгавар болсон ч эдгээр сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн бичил уурхайчид, алтны худалдаачид болон нийлүүлэлтийн сүлжээний бусад оролцогч талуудад заан таниулах боломжтой болж буй юм. Мөн холбооны цаашдын ухуулан сурталчлах, таниулан мэдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилготой юм.