Бичил уурхай үүссэн эхний үед хууль, эрх зүйн орчин нь тодорхойгүй, хүний эрх зөрчигдөх нь ердийн үзэгдэл болж, төрийн үйлчилгээ болон мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байсан юм. Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайн бүхий л үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагаар хандаж, хүний эрхийн тухай мэдлэг, мэдээллийг бичил уурхайчид болон оролцогч талуудад түгээх, сурталчлахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нь өөрсдийн эрхээ мэддэг, эрх ашгаа хамгаалдаг, иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэдэг, хамгаалдаг болгохын төлөө зорьж ажилладаг.
Түүнчлэн холбооны гишүүн байгууллагууд, дотоод хүний нөөцийг чадавхжуулахад анхааран ажилладаг. Тухайлбал, газрын зөвшөөрөл хүсэх, бичил уурхайчдыг албажуулах болон бүртгэлжүүлэх, албан татвар, орон нутгийн удирдлага, алтны нийлүүлэлтийн асуудлуудад хүний эрхийн өнцгөөс хандахад шаардлагатай ур чадварт суралцахад нь гишүүдээ дэмжиж ажилладаг. Энэхүү байгууллага нь 2013 онд бичил уурхайн нийгэм эдийн засгийн үр нөлөөг сайжруулах, бичил уурхайн талаарх олон нийтийн эерэг хандлагыг бий болгох, ажлын байрны аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх замаар тогтвортой бичил уурхайг төлөвшүүлэхэд бичил уурхайчдад тулгамдаж буй хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхийн тулд бичил уурхайн байгууллагуудыг зангидсан дээвэр байгууллага байх зорилгоор байгуулагдсан.
Өдгөө бичил уурхайн 71 ТББ холбоонд гишүүнээр нэгдэж бичил уурхайн үйл ажиллагааг сайжруулах, 7,700 гаруй бичил уурхайчны эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд халгүй, хариуцлагатай бичил уурхайг үндэсний хэмжээнд төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна.
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26
Нэмэгдсэн огноо: 2024-08-26