planetGOLD Монгол төслөөс Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрүүдэд виртуалаар зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хүчин чадал, тоног төхөөрөмжийн онцлогийн талаар мэдээлэл авахыг урьж байна.
www.planetgold.org/explore-mongolia-360MN
БИЧИЛ УУРХАЙЧДЫН НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОМЖ, ХҮРТЭЭМЖИЙГ СУДЛАВ
planetGOLD Монгол төсөл алтны бичил уурхайчид нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж, хүртээмж хэр байгааг судалж, 2024 оны 4 сарын 26-ны өдөр тус судалгааны үр дүнг танилцуулах семинар зохион байгуулав. Судалгаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, нийгмийн халамж, сургуулийн өмнөх боловсрол гэсэн нийгмийн таван үйлчилгээг хамрууллаа.
Судалгааны үр дүнд бичил уурхайчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдалт бусад хүн амын бүлгээс доогуур түвшинд байгаа нь харагдлаа. Ялангуяа бичил уурхайн салбар эрчимжиж эхэлсэн үе буюу 2000-аад оноос ажиллаж эхэлсэн бичил уурхайчдын хувьд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа нь онцгойлон анхаарах шаардлагатай үр дүн байлаа. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгох насанд хараахан хүрээгүй байхдаа эрүүл мэндийн хувьд доройтох, бичил уурхайн ажлыг хийхэд хүндрэлтэй болох явдал бичил уурхайчдын дунд түгээмэл тохиолдож байна. Ийм нөхцөл байдалд орсон бичил уурхайчдын хувьд өөр ямар нэгэн орлогогүй болж, ажлын байр олдохгүй бол тэдний хувьд ар гэрээ тэжээхэд бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд энэ байдал нь нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, мэдээлэл багатай албан бус бичил уурхайчдад илүү эмзэг тусч байгааг судалгааны үр дүнд онцоллоо. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс тэдний онцлог хэрэгцээг харгалзан сайжруулах зүйлс байгааг тус судалгаа онцлов.
Судалгааны зөвлөмжид нийгмийн даатгалд хамрагдалтыг нь нэмэгдүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах, ХАБЭА-н арга туршлагыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх, тэдний онцлог хэрэгцээг хангах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, явуулын эмнэлгийн үйлчилгээ уурхайн талбай дээр давтамжит байдлаар үзүүлэх, эдгээр үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтын түвшинг нэмэгдүүлэх зорилтот сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх, явуулын буюу гэр цэцэрлэг ажиллуулах санал санаачилгыг нь дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.
Судалгааг бүрэн эхээр нь унших: planetgold.org/sites/default/files/Altnii-bichil-uurhaichdiin-niigmiin-zailshgui-uilchilgeenii-bolomj-hurteemjiin-sudalgaa.pdf
planetGOLD МОНГОЛ ТӨСӨЛ "ҮНЭТ ЭДЛЭЛ, ҮНЭТ МЕТАЛЛЫН САЛБАРЫН НЭГДСЭН ЧУУЛГАН"-ЫГ ДЭМЖИН АЖИЛЛАВ
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран “Үнэт эдлэл, үнэт металлын салбарын нэгдсэн чуулган”-ыг Улаанбаатар хотод 2024 оны 4 сарын 11-ний өдөр зохион байгуулав. planetGOLD Монгол төсөл уг чуулганыг 3 дахь жилдээ дэмжин ажиллалаа.
Үнэт металл, үнэт чулуу олборлогчоос үнэт эдлэл борлуулагч хүртэлх бүхий л дамжлагад оролцогч талуудыг нэгтгэж, салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдэл эрэлхийлэх, улмаар салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн зорилго дор зохиогдож буй уг чуулганд салбарын 120 гаруй төлөөлөгчид оролцов.
Форумын эхний хэсэгт СЗХ болон зохион байгуулагч холбооны төлөөлөл үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод асуудал, шийдэл, боломж сэдвээр илтгэл тавилаа. Түүнчлэн planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар илтгэл танилцуулж Монгол Улс алтны нийлүүлэлтийн сүлжээнд магадлан шинжилгээний стандарт хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлов.
Салбар хуралдааны үеэр planetGOLD Монгол төслийн технологич инженер О.Бямбасүрэн “Алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэр” сэдэвт илтгэл тавьж, алтны бичил уурхайд хүндийн хүчний баяжуулах технологи хэрхэн нэвтрүүлж байгаа талаарх туршлага, мөн Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд бичил уурхайд бага оврын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахад тулгардаг хүндрэлүүдийн талаар онцлон дурдав.
Мөн төслийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа Монгол Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээн дэх гарал үүслийн зохицуулалт хангалтгүй байгаа талаар болон зохицуулалт хийснээр бий болох давуу талуудыг онцлон, илтгэл тавилаа.
“Үнэт эдлэл, үнэт металлын салбарын нэгдсэн экспо”-д үнэт эдлэл үйлдвэрлэгчид, худалдаалагчид, гаднын брэндүүдийн албан ёсны борлуулагчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
planetGOLD Монгол төслийн хувьд төслийн хэрэгжилтийн хүрээнд эрхлэн гаргасан ном товхимол, бодлогын тайлангуудаа нийтэд дэлгэн танилцуулав. Түүнчлэн виртуал реалит төхөөрөмжөөр төслийн зүгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй бага оврын үйлдвэрийг танилцууллаа.
Форум, экспог угтан Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбооноос эрхлэн гаргасан сэтгүүлд planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбаганын ярилцлагыг дараах холбоосоор уншина уу.
Б.Алтанбагана: Бичил уурхайчдад санхүүгийн хүртээмж хамгийн ярвигтай хэвээр байна (mining.mn)
ЧАДАМЖ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТУУД, ОЛОН НИЙТИЙН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАВ
Tөслийн зорилтот аймгууд болох Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ аймгуудын бичил уурхайчид болон төрийн албан хаагчдад зориулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, Алтны хүдэр баяжуулах технологи болон Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа. Сургалт бүрийг танхимын төдийгүй оролцооны аргыг хослуулан зохион байгуулсан нь сургалтад оролцогчдод ихээхэн үр дүнтэй боллоо.
Түүнчлэн Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд бичил уурхайн баяжуулах үйлдвэрийн технологийн туршилтын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ зохион байгуулав.
Уг арга хэмжээнд дээрх гурван аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Экологийн цагдаагийн алба зэрэг төрийн байгууллагуудаас холбогдох албан тушаалтнууд оролцов. Оролцогчид төслийн хүрээнд нэвтрүүлсэн Мандал сумын “Шижир Хишиг” нөхөрлөлийн алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрийн технологи, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн тоног төхөөрөмжийн засвар, арчлалт, аюулгүй ажиллагаа болоод бусад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл авав.
|
Мөн төслийн дэмжлэгтэйгээр Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг төслийн зорилтот аймгуудын холбогдох төрийн байгууллагууд хамтран Бичил уурхайн эрх зүйн орчин, Байгаль орчны салбарын хууль тогтоомж, Хөрс болон мөнгөн усны бохирдол, Үнэт металлын худалдаа, Мөнгөн усны хүний биед үзүүлэх хор нөлөө зэрэг сургалтуудыг зохион байгуулав. Түүнчлэн эдгээр сургалтын хүрээнд холбогдох гарын авлага, мэдээллийн хуудсуудыг бэлтгэн, төрийн албан хаагчид, бичил уурхайчид болон олон нийтэд түгээж, хүний эрүүл мэнд төдийгүй байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны аюул, хор хөнөөлийг олон нийтэд таниулж ажиллалаа.
planetGOLD ХӨТӨЛБӨРИЙН ДАЯН ДЭЛХИЙН ЧУУЛГАН БОЛОВ
planetGOLD хөтөлбөрийн чуулган 2024 оны 6 сарын 3-5-ны өдрүүдэд Филиппин Улсад болж, уг чуулганд planetGOLD Монгол төсөл, хамтрагч байгууллагуудын хамт оролцов.
Чуулганд уг хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч байгууллага болох Даян дэлхийн байгаль орчны сан, хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Консервэшн Интэрнэшнл болоод Мөнгөн усны тухай Минамата конвенцын Ажлын алба, мөн хөтөлбөр хэрэгжиж буй нийт 23 орны төрийн байгууллага, төслийн баг, бичил уурхайчдын төлөөлөл бүхий 200 гаруй оролцогчид оролцов.
Чуулганы үеэр алтны "Бичил уурхайн салбарын санхүүжилт", "Хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа", "Технологийн шийдэл" сэдэвт үндсэн хэлэлцүүлгүүдэд төслийн багаас илтгэл хэлэлцүүлж, төслийн туршлага, үр дүнг бусад орнуудтай хуваалцлаа.
Тухайлбал, төслийн зүгээс зорилтот бүс нутгийн бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан санхүүжилтийн механизм болоод Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрийн технологийн шийдлийн талаар онцлов.
СУРГАЛТЫН БАГЦ МАТЕРИАЛ ГАРДУУЛАВ
planetGOLD Монгол төсөл нь хэрэгжих хугацаандаа албажуулалт, хүний эрх, жендэр, байгаль орчны нөхөн сэргээлт, алтны нийлүүлэлтийн сүлжээ, бизнесийн удирдлага, хариуцлагатай бичил уурхай, хөдөлмөрийн аюулгүй байдал, мөнгөн усны хор уршиг гэх зэрэг хариуцлагатайгаар бичил уурхай эрхлэхтэй холбоотой сургалт, судалгаа, бодлогын баримт бичгийг бичил уурхайчдын хэрэгцээнд үндэслэн, холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан билээ.
Төсөл 2024 онд дуусгавар болж буйтай холбогдуулан Үнэт эдлэл, үнэт металлын салбарын нэгдсэн чуулганы үеэр дээрх боловсруулсан сургалтын цогц хэрэглэгдэхүүн болон холбогдох бодлогын судалгааг Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр гардуулан өгөв.
Ингэснээр тус холбооны зүгээс planetGOLD Монгол төсөл дуусгавар болсон ч эдгээр сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн бичил уурхайчид, алтны худалдаачид болон нийлүүлэлтийн сүлжээний бусад оролцогч талуудад заан таниулах боломжтой болж буй юм. Мөн холбооны цаашдын ухуулан сурталчлах, таниулан мэдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилготой юм.
|
БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь алтны үндсэн ордын олборлолт идэвхтэй явагддаг төслийн гол зорилтот бүс нутаг юм. Бичил уурхайн журмын хэрэгжилтийг орон нутагт сайжруулах зорилгоор Мандал сумын ЗДТГ-аас сумын бичил уурхайн бодлогын баримт бичгийг боловсруулахад planetGOLD Монгол төслөөс дэмжлэг хүссэний дагуу тус баримт бичгийг боловсруулах болсон. Төслийн хүрээнд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, баримт бичгийн төслийг боловсруулахад оролцогч талуудтай хэд хэдэн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж нэмэлтээр бичгээр саналуудыг авсан. Улмаар бодлогын баримт бичгийг эцэслэн боловсруулж 2024 оны 5 сард Мандал сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.
Тус бодлогын баримт бичиг нь хууль бус уул уурхайн үйл ажиллагааг таслан зогсоох, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, байгаль орчин, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих, ядуурлыг бууруулах, химийн хорт бодисын хэрэглээг багасгах зэрэг хэд хэдэн чухал зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Түүнчлэн бичил уурхайчдыг албажуулах, бүртгэх, нийлүүлэлтийн сүлжээг хэрэгжүүлэн алтны гарал үүслийг тогтоох, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх, сургалт, мэргэжлийн боловсрол олгох, бичил уурхайчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, татварын боломжийг бүрдүүлэх зэргээр бичил уурхайн салбарыг цогцоор нь хамарсан юм. Мөн бодлогын хугацаанд хүлээгдэж буй үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүүжилтийн асуудлуудыг тусгасан.
|
|
|
|
|
|