planetGOLD Монгол төслийн цахим товхимлын шинэ дугаар
Бид алтны бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, уг салбарт мэргэжлийн хандлагыг бий болгох, улмаар бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг халахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн бичил уурхайчид, боловсруулагчид алтны худалдаачид зэрэг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Бичил уурхайг албажуулж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтын орчныг сайжруулснаар орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах боломжтой юм. Та бүхэн төслийн үр дүн, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Facebook, Twitter/X, болон LinkedIn хаягаас авна уу.
Энэ удаагийн товхимолд дараах мэдээллийг багтаалаа:
- Шинэ оны мэндчилгээ
- Бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг албажуулах, дэмжих зорилгоор МБУНДХ-той хамтран ажиллав
- Мандал сумын Бичил уурхайн ажлын хэсгийн үйл ажиллагаа хэрэгжив
- "Баатар Вангийн Хишиг Арвижих" ХЗХ-ны гишүүдийг чадавхжуулав
- Алтны арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалтын модуль боловсруулахад Үнэт металлын үндэсний холбоог дэмжин ажиллав
- Алтны хүдэр баяжуулах цехийн туршлага судлав
- Алтны хүдэр баяжуулах цехүүдэд шаардлагатай гарын авлага, заавар, зөвлөмж бэлтгэв
- Бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх сайн туршлагыг хуваалцав
- Төслийн мэдлэгийн менежментийн тогтвортой байдлыг ханган ажиллав
- planetGOLD Монгол төслийн менежер өөрчлөгдөв
Манай товхимлыг таалан болгооно уу!
Шинэ оны мэндчилгээ
Улиран одож буй 2024 оноо амжилт дүүрэн үдэж, ирж буй 2025 оноо итгэл дүүрэн угтаж буй нийт хамтрагч байгууллагууд, төслийн гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч талууддаа planetGOLD Монгол төслөөс шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.
Монгол Улсын алтны бичил уурхайн салбарыг албажуулах, бичил уурхайчдыг дэмжих, мөнгөн усгүй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх төдийгүй хамтын ажиллагаагаа бататгах, бичил уурхайн сайн туршлагыг нэмэгдүүлэх чиглэлд бид бүгд үр дүнтэй хамтран ажиллалаа.
Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжих үндэс болсон та бүхний хамтын ажиллагаа, хувь нэмэрт гүнээ талархахын ялдамд мөнгөн усгүй ирээдүйг бүтээх бидний үйлс, зорилгыг ирэх онд ч мөн дэмжин туслахыг хичээнгүйлэн хүсье.
Танд болон таны гэр бүлд ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөж, шинэ оны мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
planetGOLD Монгол төслийн хамт олон
Бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг албажуулах, дэмжих зорилгоор МБУНДХ-той хамтран ажиллав
planetGOLD Монгол төсөл нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-той хамтран төслийн зорилтот бүс нутгууд дахь бичил уурхайн нөхөрлөлүүдийг газрын зөвшөөрөл авахад нь дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл өгөхөд хамтран ажиллалаа.
Тус холбоо Сэлэнгэ аймгийн Баянгол суманд арваннэгдүгээр сард ажиллаж, сумын засаг дарга болон бичил уурхайн хоёр нөхөрлөлд газрын зөвшөөрлийн хүсэлт бүрдүүлэхэд нь зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг үзүүлж, улмаар тус хоёр нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээ байгуулав. Түүнчлэн бичил уурхайн таван нөхөрлөлийн талбайд ажлллаж, уурхайчид төдийгүй орон нутгийн төрийн албаныханд шаардлагатай мэдээлэл өглөө.
Арванхоёрдугаар сард Ховд аймгийн Алтай, Булган сумдын холбогдох төрийн байгууллагынхан болон бичил уурхайчидтай хамтран ажиллаж, газрын зөвшөөрлийн хүсэлт гаргахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж, мөн аймгийн байгаль орчны байцаагч болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж эвдэгдсэн газрын тооллогод орсон газрын мэдээлэл болон бичил уурхайн нөхцөл байдлын талаар зөвлөж, мэдээлэл солилцов.
Мандал сумын Бичил уурхайн ажлын хэсгийн үйл ажиллагаа хэрэгжив
planetGOLD Монгол төслийн дэмжлэгтэй Мандал сумын Бичил уурхайн ажлын хэсэг 2024 оны тавдугаар сараас эхлэн бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх хэд хэдэн санаачилгуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, уул уурхайн үйл ажиллагаанд хянал тавих, бүртгэгдээгүй бичил уурхайчдыг бүртгэлжүүлэх, хууль бус уул уурхайн талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилго бүхий мэдээллийн самбарыг бэлтгэж байршуулах, мөн эвдэрсэн газрын тооллого явуулах зэрэг ажлуудыг хийв.
Дөрөвдүгээр улиралд техникийн нөхөн сэргээлт хийсэн 1 га талбайд Байгаль орчны хяналтын тасаг болон бичил уурхайчидтай хамтран 3-4 настай, 2-3 метр өндөртэй 145 мод суулгалаа. Ингэхдээ мод хоорондын зайг нарийвчлан тооцоолж, хөрсийг бордох зэргээр тарьсан моддыг ургах нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа. Эдгээр ажлууд нь байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих чиглэлд орон нутгийн зүгээс идэвхийлэн ажиллаж буйн тод илрэл юм.
"Баатар вангийн хишиг арвижих" ХЗХ-ны гишүүдийг чадавхжуулав
planetGOLD Монгол төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан "Баатар вангийн хишиг арвижих" ХЗХ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус ХЗХ-ны чадавхыг бэхжүүлэх зорилгоор planetGOLD Монгол төслөөс ХЗХ-ны гишүүдийг Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооноос зохион байгуулсан сургалтуудад хамрууллаа. Сургалтын үеэр оролцогчид ХЗХ-ны менежмент, үйл ажиллагааны зарчим, хяналт, тайлагнал, ашгийн хуваарилалт, бизнес төлөвлөлтийн талаар үнэтэй мэдлэг олж авлаа.
Алтны арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалтын модуль боловсруулахад Үнэт металлын үндэсний холбоог дэмжин ажиллав
planetGOLD Монгол төслийн дэмжлэгтэйгээр Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбоо ТББ (ҮМХ) нь Санхүүгийн зохицуулах хороотой хамтран алтны арилжаа эрхлэгчдэд зориулсан 10 видео хичээл бүхий сургалтын модулийг боловсрууллаа. Эдгээр видеонууд нь алтны нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой дараах сэдвүүдийг хамарсан:
- Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага болон холбогдох бусад зохицуулалт
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа
- Зайны болон газар дээрх хяналт, шалгалт
- Тайлан нэгтгэлийн Фин-А систем
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай
- Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай
- Хувь хүний орлогын албан татварын тухай
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
- Үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн салбар дахь бизнесийн боломж
- Хариуцлагатай алтны стандарт буюу КРАФТ Код-planetGOLD шалгуур
КРАФТ Код сургалтын модульд planetGOLD Монгол төслөөс боловсруулсан мэдлэг түгээх болон судалгааны материалуудыг мөн багтаалаа.
Эдгээр видео сургалтын модуль нь алтны арилжаа эрхлэгчдэд зориулсан ҮМХ-ны лиценз олгох сургалтын салшгүй нэг хэсэг болж, салбарын үйл ажиллагааг хариуцлагатай, үр дүнтэй явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох юм.
Алтны хүдэр баяжуулах цехийн туршлага судлав
planetGOLD Монгол төслөөс Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгуудаас алтны бичил уурхайн баяжуулах цехүүдийн төлөөллийг урьж, 2024 оны 10-р сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төслөөс байгуулсан “Мөнгөн усгүй алтны хүдэр баяжуулах цех”-тэй танилцах, туршлага судлах сургалт зохион байгуулав.
Сургалтын хүрээнд үндсэн ордын алтны хүдэр баяжуулалтын технологиуд, тэдгээрийн давуу болон сул тал, Монгол оронд зохицох байдлын талаар төслөөс хэрхэн судалсан тухай мэдээлэл өгөв. Мөн төслийн зүгээс 2022 онд Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан цехүүдийн дунд явуулсан сонгон шалгаруулалтын тухай болон шалгарсан нөхөрлөлүүдтэй хамтарч мөнгөн усгүй баяжуулалтын технологи, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтыг хэрхэн явуулж, цех байгуулсан тухай, мөн planetGOLD шалгуур болон тулгарсан сорилтуудын тухай дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой ажлын талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа.
Оролцогчид сургалтын дараа төслийн хүрээнд байгуулсан Мандал сумын “Шижир хишиг” нөхөрлөлийн алтны хүдэр баяжуулах цехийн технологи, үйл ажиллагаатай биечлэн танилцав. Аймаг тус бүрээс ирсэн цехийн төлөөлөл өөр өөрсдийн цех байгуулсан, ажиллуулж буй туршлагаас хуваалцаж, “Шижир хишиг” нөхөрлөлийн үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжийн талаар нарийвчилсан мэдээлэл авлаа.
Түүнчлэн оролцогчдод Мандал сумын Түнхэл тосгонд “Түнхэл манлай” нөхөрлөлтэй хамтран байгуулсан баяжуулах үйлдвэрийг виртуал-реалит хувилбараар танилцуулав.
Ховд аймгийн Алтай сумын “Алтайн цонж говь” нөхөрлөлийн тэргүүн Ц.Сүхбаатар “Төслөөс байгуулсан уг үйлдвэр бичил уурхайчдад үнэхээр үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болсныг нүдээр үзлээ. Мандал сумын бичил уурхайчид ийнхүү метал авалтын түвшин өндөр, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй энэ шинэ цехээр үйлчлүүлснээр тэдний амьжиргаанд ихээхэн дэмтэй гэж харж байна. Мөн технологийн хувьд элдэв химийн бодис ашиглахгүй дэвшилтэт технологи суурилуулсан нь байгаль орчны талаас хал багатай тул Мандал сумын уурхайчдын өмнөөс маш их баяртай байна. Манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалт хийгдээсэй хэмээн хүсэж байна” гэж сургалтын дараа онцлон хэллээ.
Алтны хүдэр баяжуулах цехүүдэд шаардлагатай гарын авлага, заавар, зөвлөмж бэлтгэв
planetGOLD Монгол төсөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах цехүүдийн үйл ажиллагаанд зориулан тоног төхөөрөмжийн гарын авлага, аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээний зааварчилгаа, хянан шалгах хуудас зэрэг технологи, үйл ажиллагааны бичиг баримт боловсруулав.
Эдгээр материалууд нь алтны хүдэр баяжуулах цехийн үр ашиг, аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд бичил уурхайчдыг хариуцлагатай, үр дүнтэй үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдлэгээр хангах зорилготой юм.
Бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх сайн туршлагыг хуваалцав
2024 оны зургаадугаар сард Филиппин Улсад зохион байгуулагдсан planetGOLD хөтөлбөрийн Глобал форумын үеэр бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжид тулгарч буй гол сорилтууд болон бодит боломжуудыг форумд оролцогчид онцлон хэлэлцсэн. Уг форумд улс орнуудын зүгээс хуваалцсан илтгэлүүдэд тулгуурлан planetGOLD Монгол төсөл шинэлэг шийдлүүд, үр дүнтэй хэрэгжиж буй туршлагуудыг танилцуулсан “Бичил уурхайчдад зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд-Олон улсад” сэдэвт нийтлэл бэлтгэн гаргалаа.
Улс орнууд бичил уурхайтай холбоотой асуудал бэрхшээл, тэр дундаа бичил уурхайн салбарын санхүүжилттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэж буй талаарх уг нийтлэлийг Монголын уул уурхайн салбарын голлох сэтгүүл болох Майнин Инсайт сэтгүүлийн аравдугаар сарын дугаарт хэвлэгдэж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Mining Week” буюу “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний оролцогчдод түгээлээ.
Төслийн мэдлэгийн менежментийн тогтвортой байдлыг ханган ажиллав
planetGOLD Монгол төсөл дуусгавар болох гэж буйтай холбогдуулан төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Мэдлэгийн менежментийн чиглэлд төсөл хэрэгжих хугацаанд төслөөс эрхлэн гаргасан бодлогын тайлан, товхимол, гарын авлага, мэдээллийн хуудас зэрэг бүхий л мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг олон төрлийн сувгаар, түүний дотор planetGOLD Монгол төслийн албан ёсны цахим хуудас болон салбарын бусад вэб платформуудад нийтэлж байна.
Мөн төсөл хэвлэмэл байдлаар мэдлэгийн бүтээгдэхүүнүүдээ тарааж түгээхээс илүүтэйгээр цахим байдлаар буюу QR код үүсгэж, тайлан, гарын авлагуудыг олон нийт болон салбарын оролцогчдод хүргэж байна. Энэ нь цаашлаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон МБУНДХ зэрэг төслийн гол оролцогч талууд төслийн мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг өргөн хүрээтэй түгээх, мөн тэдгээр мэдээллийн үр нөлөө, ач холбогдлыг урт хугацаанд баталгаажуулах боломж олгож буй явдал юм.
Дөрөвдүгээр улирлын байдлаар 200 гаруй хүн цахим байдлаар буюу QR код уншуулах замаар төслийн эрхлэн гаргасан мэдлэгийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаад байгаа нь мэдлэгийн менежментийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй уг ажил үр дүнтэй байгааг харуулж байна.
planetGOLD Монгол төслийн менежер өөрчлөгдөв
planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт ажиллахаар болсон тул төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ төслийн менежерээр томилогдлоо. 2019 оноос төслийн менежерээр ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн Б.Алтанбаганад цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Шинээр томилогдоод буй төслийн менежер Д.Хишгээд төслийн үлдсэн хугацаанд төслийн үр дүнг улам бүр батжуулж, төслийн хэрэгжилтийг амжилттай дуусгах үйлсэд нь нийт хамт олны зүгээс амжилт хүсье!
planetGOLD Монгол төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын удирдлага дор хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэгтэйгээр Алтны бичил уурхайн зөвлөл гүйцэтгэж байна.