Өнөөдөр Монголд бичил уурхай бүхий 15 аймаг байдгаас 10 аймагт бичил уурхайн нэгдсэн холбоод байгуулагдан МБУНДХолбооны гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Увс, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн холбоод МБУНДХолбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт аван ажиллаж байгаа юм.
Энэ онд Завхан, Дундговь, Архангай, Төв аймгийн бичил уурхайчид аймгийн холбоо байгуулахаар ажиллаж байгаагаас өчигдөр буюу 5-р сарын 22-ны өдөр Дундговь аймгийн бичил уурхайчид хуралдан холбоогоо байгууллаа. Ингэснээр тус аймгийн бичил уурхайчид өөрсдийн эрх ашгийг хамгаалж нэгдсэн байдлаар үйл ажиллагаа явуулахаас гадна аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад албан ёсоор шаардлага тавьж, хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн МБУНДХолбооноос зарлаж байгаа төсөл хөтөлбөрүүдэд оролцох, сургалтуудад хамрагдан өөрсдийн мэдлэг чадавхаа нэмэгдүүлэн цаашид өргөн хүрээтэй ажиллах бололцоо нээгдэж байна.
Дундговь аймгийн бичил уурхайчдын хуралд МБУНДХолбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Нөлөөлөл, мэдээлэл харилцааны ажилтан Э.Оюунболд нар оролцож “Бичил уурхайн эрх зүйн орчин”, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” сэдвүүдээр сургалт хийж, хурлын үйл ажиллагаа, холбоо байгуулах үйл явцад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Аймгийн бичил уурхайн холбооны Тэргүүнээр Ж.Рэнцэнпүрэв сонгогдож, Гүйцэтгэх захирлаар Д.Хандаа томилогдон ажиллахаар болсон бөгөөд Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг тэдэнд амжилт хүсэж МБУНДХолбооны дурсгалын зүйлс гардуулсан юм