planetGOLD Монгол төсөл 2024 оны 5-р сарын 29-нд Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгийн эмэгтэй бичил уурхайчдад зориулсан технологийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулав.
planetGOLD Монгол төслөөс тус суманд байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцах болон танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтанд гурван аймгийн нийт 14 бичил уурхайчин эмэгтэй оролцлоо.
Оролцогчид сургалтын эхний хагаст бичил уурхайн хүдэр баяжуулах технологи, байгаль орчин, нийгмийн хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааны стандарт хэрэгжилтийн туршлагын талаарх танхимын сургалтанд хамрагдаж, зохих мэдээлэл авав. Түүнчлэн төслийн зүгээс эрхлэн гаргасан “Алтны бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний боломж, хүртээмжийн судалгаа”-ны дүгнэлт, зөвлөмжтэй танилцав.
Танхимын сургалтын дараачаар оролцогчид бага оврын үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цехийн засвар, арчлалт, аюулгүй ажиллагааны талаар туршлага судлав.
Ийнхүү эмэгтэй бичил уурхайчид анхдагч хүдрээс алт ялган авах дамжлагын талаар бүрэн цогц ойлголт авч, цаашид тус тусын нөхөрлөлд хэрэгжүүлэхүйц бодит туршлага, мэдээлэл олж авсан ач холбогдол өндөртэй сургалт боллоо.