Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Хариуцлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний форум 2024 оны 5-р сарын 21-24-ний өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдав.
Ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хамгийн том чуулган болсон уг форумд Монгол Улсыг төлөөлж Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны төлөөлөл оролцлоо. Түүнчлэн planetGOLD Монгол төсөл алтны бичил уурхайн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод, хариуцлагатай болгох зорилтынхоо хүрээнд оролцлоо.
Форумын үеэр Монголбанк, СЗХ-ны төлөөлөгчид ЭЗХАХБ, Дэлхийн алтны зөвлөл, Аргор Хереаус зэрэг олон талуудтай уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо. Эдгээр уулзалтаар талууд мэдээлэл солилцох, мэдлэг түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах боломжуудыг ярилцаж, хэлэлцэв.
planetGOLD Монгол төслийн хэрэгжилт 2024 онд дуусгавар болж буй тул төслийн хүрсэн үр дүнг тогтвортой хадгалах, хамтрагч талуудын үйл ажиллагаатай уялдуулахад тус хурлын оролцоо туйлын чухал байлаа.
Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод нэгдэн орсон улс орнуудад дэмжлэг үзүүлэх хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй planetGOLD Монгол төслийг Канадын Алтны бичил уурхайн зөвлөл нь Байгаль oрчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна.