Бичил уурхайчдад зориулан “зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулав
2024-06-17

planetGOLD Монгол төслөөс Мандал сумын бичил уурхайчдад зориулан зорилтот сэдвийн хүрээнд сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд 2024 оны 6-р сарын 11-нд “Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” сэдэвт уулзалтыг Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн сургалтын танхимд зохион байгууллаа. Уулзалтаар Зөрчилдөөн, Хамтын шийдвэр, “Хэцүү” харилцаа, Сэтгэл хөдлөл болон Харилцааны аргууд сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг олгож, харилцан ярилцаж, санал солилцов.

Оролцогчид эдгээр сэдвүүд нь ажлын талбар төдийгүй өдөр тутмын харилцаа хандлагад чухал нөлөөтэй болохыг онцлон дурдав.

Уулзалтын төгсгөлд мөн бичил уурхайн ХАБЭА-н хүрээнд галын аюулаас сэргийлэх үзүүлэх сургуулилт зохион байгуулж, оролцогчид галын аюул гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах талаар бодит дадлага сургуулилт хийлээ.

Энэ удаагийн уулзалтыг Бичил уурхайн жендэрийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Бичил уурхайн жендэрийн зөвлөл нь уурхайчдын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан албан бус сүлжээ буюу ажлын баг юм. Зөвлөлийн хүрээнд бичил уурхайчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, шийдэл эрэлхийлэх, тодорхой сэдвээр чадавхжих, жендэр, хүний эрхийн мэдрэмжтэй хариуцлагатай бичил уурхайн арга, туршлагыг түүчээлэх, түгээн дэлгэрүүлэх, хамтын эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо өргөх зэрэг чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэлүүд