Бичил уурхайчид нэгдэн хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгууллаа
2024-09-13

Бичил уурхайн салбарт албан бус тоогоор 60,000 орчим хүн ажиллаж, 180,000 гаруй хүний амьжиргааг тэтгэж байна гэсэн судалгаа бий. Гэсэн хэдий ч салбарын онцлогоос шалтгаалан тус салбарт хөрөнгө оруулах сонирхол бага байдаг төдийгүй банк санхүүгийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байдаг. 

planetGOLD Монгол төслийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг сайжруулах, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2019 оноос хойш ажиллаж байна. Уг зорилгын хүрээнд бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны бичил уурхайчид нэгдэж “Баатар вангийн хишиг арвижих” хадгаламж, зээлийн хоршоог (ХЗХ) үүсгэн байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус ХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч 2024 оны 9-р сарын 13-нд нээлтийн арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус ХЗХ нь хадгаламж болон зээлийн бүтээгдэхүүнүүдээ гишүүддээ танилцуулж, гишүүнээр элсэх сонирхолтой иргэдэд мэдээлэл түгээлээ. “Баатар вангийн хишиг арвижих” ХЗХ нь цаашид Мандал сумын 400 гаруй бичил уурхайчныг гишүүнээр элсүүлэхээр зорьж байна. 

Бичил уурхайчид нэгдэн байгуулсан ХЗХ-ны үйл ажиллагаанд төслийн зүгээс амжилт хүсэхийн ялдамд цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. 

Сэтгэгдэлүүд