Бид алтны бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, уг салбарт мэргэжлийн хандлагыг бий болгох, улмаар бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг халахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн бичил уурхайчид, худалдаачид, боловсруулагчид зэрэг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Бичил уурхайг албажуулж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтын орчныг сайжруулснаар орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах боломжтой юм. Та бүхэн төслийн үр дүн, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Facebook, Twitter/X, болон LinkedInхаягаас авна уу.
Энэ удаагийн товхимолд дараах мэдээллийг багтаалаа:
- Төслийн 2023 оны тайлан, 2024 оны төлөвлөгөө батлав
- “Цахим бичил уурхайчин” танилцуулга уулзалт зохион байгуулав
- Аврагчдын туршлага судлах ажилд дэмжлэг үзүүллээ
- Мөнгөн усны хор хөнөөлийг таниулах талаар Экологийн цагдаагийн албатай хамтрав
- Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бичиг баримтуудын талаар сургалт зохион байгуулав
- Дэлхийн Банкны тайланд Монгол Улсын талаар мэдээлэл орууллаа
- Манлайлагч эмэгтэй бичил уурхайчдын түүхийг онцолж байна
Төслийн 2023 оны тайлан, 2024 оны төлөвлөгөө батлав
planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны ээлжит хурал 2024 оны 1-р сарын 22-ны өдөр боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатарын даргалсан тус хуралд удирдах хорооны гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл, төслийн хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцов.
Хурлын үеэр planetGOLD Монгол төслийн баг 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон бичил уурхайн албажуулалтын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны мэдээлэл өглөө.
Түүнчлэн planetGOLD Монгол төслийн үйл ажиллагаа 2024 онд дуусгавар болохтой холбогдуулан төслийн үр дүнгийн үзүүлэлтүүд болон “Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратеги”-ийг Удирдах хорооны гишүүдэд тус тус танилцуулав.
Удирдах хорооны гишүүдийн зүгээс танилцуулгуудаас тодруулах асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төслийн нэвтрүүлж буй мөнгөн усгүй баяжуулах системийн үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг онцоллоо. Улмаар Удирдах хорооны зүгээс төслийн тайланг хангалттай гэж дүгнэн 2024 оны төлөвлөгөөг батлав.
“Цахим бичил уурхайчин” танилцуулга уулзалт зохион байгуулав
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим үндэстэн, цахим засаглалыг хөгжүүлэх зорилтууд нь бичил уурхайчдад төрийн нийтлэг үйлчилгээ авах, мэдээллийн санг ашиглахад өргөн боломжийг бий болгож байгаа билээ.
Иймд planetGOLD Монгол төсөл “Цахим бичил уурхайчин” танилцуулга уулзалтыг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд тус тус зохион байгууллаа. Уулзалтаар нээлттэй мэдээллийн сангаас бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой мэдээллийг гар утас болон бусад цахим хэрэгслээр хэрхэн авах талаар танилцуулж мэдээлэл өглөө.
Тухайлбал E-Mongolia зэрэг төрийн үйлчилгээний цахим платформд буй өөрийн мэдээлэл харах, үйлчилгээ авах, БОАЖЯ-ны Байгаль орчны мэдээллийн сангийн эвдэрсэн газрын мэдээлэл, АМГТГ-ын Кадастрын мэдээллийн сангаас бичил уурхайн дүгнэлттэй талбай, бичил уурхайн байгууллагын бүртгэл зэрэг мэдээллийг гар утас, компьютер ашиглан авах талаар дадлага хийлээ.
Уулзалтад оролцогчдын төлөөлөл “Өсөх” бичил уурхайн нөхөрлөлийн бичил уурхайчин Ц.Амаржаргал “Бичил уурхайчдад хэрэгтэй мэдээллийг гар утсаараа хялбар, түргэн хугацаанд олж авч болох талаар дэлгэрэнгүй сайн мэдэж авлаа. Одоо заавал төрийн байгууллага руу биечлэн очилгүйгээр гар утаснаасаа мэдээлэл аваад л ажлаа зохицуулж болох нь. Тиймээс уг уулзалтад оролцсондоо сэтгэл хангалуун байна” хэмээн уулзалтын ач холбогдлыг тодотгов.
Аврагчдын туршлага судлах ажилд дэмжлэг үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус хэлтсийн алба хаагчдад зориулан гамшгаас аврах ажиллагаа болон эрсдлээс сэргийлэх туршлага судлах арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээний хүрээнд аврагчид Үндэсний аврах бригад, Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах анги, Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Нийслэлийн аврах ангиуд зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Үндэсний аврах бригад нь улсын хэмжээнд усны осол, химийн осол болон бусад гамшиг ослын төрлөөр үүрэг гүйцэтгэдэг тул алба хаагчид химийн ослын үед ашиглагдах хувцас хэрэгсэл, химийн бодисын шинж чанар, ямар бодис болох талаар танихад ашиглагдах багаж хэрэгсэлтэй танилцаж, ашиглах дадлага хийлээ.
Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах анги нь Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг уул уурхайн аврах ажиллагаа явуулдаг анги юм. Иймд Мандал сумын алба хаагчид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техник технологийн болон хүний үйл ажиллагаатай холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тухайн салбарын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал үүссэн, голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээний туршлага судлав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь хүн ам, газар нутгийн хувьд том сумдын нэг бөгөөд уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг тул Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэхүү дадлага олгох арга хэмжээнд хамрагдсанаараа гамшиг осол, уул уурхайн гүнд эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад бодит туршлага судлах боломж олгосон, үр дүн, ач холбогдол өндөртэй байсныг алба хаагчид онцлон дурдав.
Аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Төрболд “Анги, байгууллагын бүтэц зохион байгуулалттай танилцаж, мэргэжлийн хүрээнд маш их зүйл сурч мэдэж авлаа. Онцолбол, уул уурхайн аврах ажиллагааны үед алба хаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжийг тухайн аврагч бүрийнхээ насны ангилалд тааруулж цэнэглэх хэрэгтэй байдаг гэх зэрэг өөрсдийн ажилдаа шууд авч хэрэгжүүлэх чухал туршлагуудыг олж авлаа” хэмээн уг үйл ажиллагааны ач холбогдлыг тодотгов.
Мөнгөн усны хор хөнөөлийг таниулах талаар Экологийн цагдаагийн албатай хамтрав
Экологийн цагдаагийн алба нь planetGOLD Монгол төслийн дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Ерөө сум, Бугант тосгоны иргэд, төрийн алба хаагч, ажилтнууд болон бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн гишүүдэд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр 2024 оны 3 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам”, “Химийн хорт болон аюултай бодис, мөнгөн усны хор хөнөөл”, “Хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба Хүний эрх” сэдвээр мэдлэг олгосон эдгээр сургалтанд 226 хүн хамрагдлаа.
Мөн Экологийн цагдаагийн албанаас химийн хорт, аюултай бодисын хэрэглээнээс татгалзах, тэдгээрийн хор нөлөөг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор 6 төрлийн мэдээллийн хуудас, танилцуулга бэлтгэж 3,500 ширхгийг сургалтын үеэр тараасан бөгөөд 4 төрлийн видео мэдээлэл бэлтгэж, иргэдэд хүргэлээ.
Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бичиг баримтуудын талаар сургалт зохион байгуулав
planetGOLD Монгол төсөл 2024 оны 3-р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Баяжуулах үйлдвэрт шаардлагатай бичиг баримтууд” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг алтны бичил уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн төлөөлөл, бичил уурхайчид болон Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний холбооны төлөөлөл оролцов.
Сургалтын хүрээнд оролцогчдод Монгол Улсад мөрдөгдөж буй баяжуулах үйлдвэрт тавигдах хууль, дүрэм, журамд заагдсан шаардлага, зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хэрхэн хангах талаар мэдээлэл хүргэв.
Мөн Гложекс Консалтинг ХХК, Грийнтрендс ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмалын тухай хууль, Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам, Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдэл зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг бичил уурхайн бага оврын алт баяжуулах үйлдвэрт хэрхэн нийцүүлэх талаар мэдээлэл хүргэж, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний талаар онцлон танилцуулав.
Дэлхийн Банкны тайланд Монгол Улсын талаар мэдээлэл орууллаа
Дэлхийн Банкнаас эрхлэн гаргадаг “Бичил уурхайн салбарын нөхцөл байдал 2023” тайлан энэ удаад жендэрийн эрх тэгш байдал ба албажуулалт сэдвийг онцоллоо. Нийт 12 орны 23 байгууллагыг хамруулан хийсэн эрх зүйн орчны шинжилгээ, гурван түвшний асуулга болон кейсийн судалгаанд үндэслэн боловсруулсан тус тайланд нийт 12 орны мэдээлэл багтсаны нэгийг planetGOLD Монгол төслийн зүгээс боловсруулсан юм. “Монголын бичил уурхайчдын нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал” сэдэвт кэйс судалгаанд бичил уурхайчид нийгмийн зайлшгүй үйлчилгээний үр шимээс хүртэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тоймлон тодорхойлж, зохих дүгнэлт, зөвлөмжийг өгсөн. Энэхүү кейсийг төслийн зүгээс гүйцэтгэж буй ээлжит томоохон судалгаа болох “Алтны бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний боломж хүртээмж”-ийн судалгааны урьдчилсан үр дүнд тулгуурлан боловсруулсан юм.
Зөвлөмжид дурдсанаар нийгмийн хамгааллал нь бичил уурхайг тогтвортой, зохистой ажлын байр болгох, хариуцлагатай бичил уурхайн арга, туршлагыг хэрэгжүүлэх чухал тулгуур болдог тул бичил уурхайчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн болоод төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын хүчин чармайлт чухал болохыг онцлов.
Манлайлагч эмэгтэй бичил уурхайчдын түүхийг онцолж байна
planetGOLD Монгол төсөл хариуцлагатай бичил уурхайчдын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэй бичил уурхайчдын түүх бүхий "Эмэгтэйн түүх" цуврал видео бэлтгэлээ.
Ховд аймгийн Алтайн Цонж Говь нөхөрлөлийн тэргүүн Пүрэвдоржийн Мөнхзаяа нь planetGOLD Монгол төслийн жендэрийн идэвхтэн юм. Бичил уурхайн хууль эрх зүйн орчин, ХАБЭА-н үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, жендэрийн тэгш байдлын талаар туршлагатай сургагч багшийн хувьд тэрээр орон нутгийн бичил уурхайчдад хариуцлагатай уул уурхайн туршлагыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, үлгэр дуурайлал болж, бичил уурхайн үйл ажиллагааг улам бүр албажуулах, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад манлайлан ажилладаг.