"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн" 2024 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зохион байгуулж, planetGOLD Монгол төсөл дэмжин ажиллав. Мөн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар оролцов.
Зөвлөгөөнийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үг хэллээ. Тэрээр Монголын төр засгийн зүгээс бичил уурхайн салбарын нөхцөл байдлыг сайтар ойлгож, зөв зохицуулалт хийх нь зүйтэй тул ийнхүү салбарт оролцож буй бүх талуудыг нэгтгэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг онцлон дурдав.
Зөвлөгөөнд бичил уурхай бүхий аймгуудын удирдлага, холбогдох төрийн албан хаагчид, бичил уурхайчид бүхий 250 орчим хүн оролцов.
planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ зөвлөгөөний үеэр илтгэл тавьж, улс орнуудын бичил уурхайн туршлагыг хуваалцлаа.
Дэлхий дахин дахь алтны үнийн тогтвортой өсөлт, уламжлал аж ахуйд тулгарч буй сорилтууд, ажилгүйдэл, тухайн улс орны уул уурхайн үйлдвэрлэлийн цар хүрээ зэргээс хамаарч бичил уурхайн олборлолт нэмэгдэж, олон сая иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсоор байна. Иймд бичил уурхайн салбарыг албажуулах замаар эерэг боломжийг бий болгох, бичил уурхайг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талын хувьд авч үзэх олон улсын хандлага бий болж байгааг дурдав. Мөн илтгэлийн үеэр Филиппин, Эквадор, Этиоп зэрэг улсуудын бичил уурхайн онцлог, нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтууд, сургамж, авч болох туршлагын талаар мэдээлэл өгөв.