Зах зээл Монголд яг л шуурга шиг ирсэн юм. Улс орныг маань ард түмэнтэй нь зэгс, хулс шиг ганхуулан, нийгэм, эдийн засгийг чинээнд нь тултал хямруулж байсан тэр үед амьдрахын эрхээр хүмүүс байгалийн баялаг руугаа ханцуй шамлан дайрцгаасан.
Түм түжигнэж, бум бужигнасан их бөөгнөрөл. Ийм дүрслэлээр их хотын захын хороолол ч юм уу, эрийн гурван наадмын талбайг хэлэх гээгүй юм шүү. Энэ бол амьдрахын эрхээр алт хайж, хэсэгхэн газарт овоорон оволзох олз хайгч нинжа нар юм. Тэнд хог новш хөглөрч, ядран зутарсан, олсон олоогүй, унаатай явган, ууж хөлчсөн, бурзайсан арзайсан, зодолдсон хэмхлэлдсэн, ёстой л есөн шид нь бүрдсэн замбараагүйчүүдийн хуран цугларал болж байлаа. Зохион байгуулалтгүй ойр ойрхон ухсан нүхнүүд ам амаа даран цөмөрч нурах, алтан амь осолдох эндэх тохиолдол тасрахгүй. Бүгд л амь насаараа дэнчин тавьж, нүхэн дор нүдэнд үзэгдэх төдий жаахан шар алтны төлөө хүнд хатууг үл хайхран улайрна. Арга ч үгүй юм. Тэдгээр хүмүүсийн бүгдийнх нь ар гэрт өл хоол нэхсэн бяцхан үрс, төлбөр нь нэхэгдсэн оюутнууд, асрамж шаардлагатай буурай нар хүлээж байгаа учраас хоосон харих эрх хэнд нь ч байгаагүй.
Харамсалтай нь, тэднийг олж долсноор базаагаагүй, олигтой хэдэн төгрөг хийгээгүй байхад нь өнгөтэй мөнгөтэй баячууд цэрэг цагдаа, хамгаалагчид дайчлан, хүчээр хөөн тарааж, эсэргүүцсэн нинжа нар зодоон цохион үүсгэнэ. Мэргэжсэн хүчнийхэнд эрчүүд юун түрүүнд нүдүүлнэ дээ, бүх бие нь хөх няц болж, гэмтэж бэртэх нь ч олон. Эмэгтэйчүүдийг ч зодно. Нэг удаа бүр эмэгтэй хүнийг зодож, хоёр хөхнийх нь товчин дээр цахилгаан бороохойгоор цохиулж байсныг дурсвал үнэмших хүн өнөөдөр чухам хэд бол? Хүний эрх гээч естой л хөлийн уланд гишгэгдэж явсан үе.
Биднийг ийнхүү муур хулгана болж байх зуур компани нэртэй техникжсэн нинжа нар аль хэдийнээ баялгийн эзэн суух эрхээ олж ирээд суурьшчихна даа. Нэгэнт эзэн суусан болохоор тэд ёстой л “даам” гарна. Техникийн хүчээр газрын хөрсийг хайр найргүй ухаж, хольж хутгана. Үйлдвэрлэлийн хамгийн наад захын горим баримтлахгүй ажиллана. Тэгж эвдэн сүйтгэсэн газарт мянган жил ч ургамал ургахгүй байх.
Зүгээр л байгалийн баялгийг ашиглаж байгаа атлаа газрын эзэн шиг загнаж, ойр хавьд нь яваа хүмүүсийг барьж “хар гэр”-т хорьж, албадан зарцалж үнэ хөлсгүйгээр хогоо цэвэрлүүлж, модоо хөрөөдүүлчихээд дараа нь хөөж явуулна. Харийнхны гар хөл болчихоод, элэг нэгт монголчууддаа дээрэнгүй авирлаж яваа заримыг монгол хүн гэхэд эргэлзмээр. Нутгаа сахисан унаган иргэд төрсөн бууцнаасаа хятадуудад нохой шиг хөөгдөхийг үзлээ. Гэрийн минь буйран дээр зогсчихоод “Хай, манай газраа, яваа яв...” гэж хальт мөлт монголоор шулганах хятадууд эх орныг минь, эх хэлийг минь доромжлохыг үзэх дэндүү эмгэнэлтэй. Хятад эзний турхиралтаар монгол цагдаа монголчуудынхаа хөдөлмөрийн багаж хэрэгслийг хурааж, өөрсдийг нь хөөж туух омогдох тэр агшинд, магадгүй, тэр хятад хүн биднийг үхэр мэт тэнэг гэж дотроо баясаж байсан биз.
Эрх мэдэлдээ эрдсэн дарга нар нь нутаг орныхоо баялгийг газартай юутай нь лиценз гэж нэрлээд зарчихна. Хуулийг гууль болгож, мөнгөөр бүхнийг шийдэгчдэд хууль үйлчилдэггүй нь харамсалтай. Тэдний хувьд малчид нь малаа бэлчээх газаргүй болж, төрсөн нутгаасаа хөөгдөх гайхаад байх зүйл огтхон ч биш. Төр нь иргэдээ мартсан, түшээд нь олигархуудаас бүрдсэн, үнэн худлын дэнс гэж байхгүй, үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй ийм нийгэмд амьдарч буй бидний хувь заяа үнэхээр хөөрхийлөлтэй.
Гэвч цаг хугацаа энэ бүхнийг өөрчилсөн юм. Бид нинжагаас бичил уурхайчид болж, нэгэн жигд эгнээг үүсгэсэн. Өмнө нь ганц нэгээрээ хөөгдөж туугдан, ад болж явсан бол нэгдэн нийлж чадсанаараа хүчирхэг “арми” бий болгосон. Бичил уурхайн салбар бол иргэдийг мэргэжил, боловсрол, хөгшин залуугаар нь ялгаварлан гадуурхдаггүй цорын ганц хүмүүнлэг салбар юм. Өөрөөр хэлбэл, сайн дурын уурхайчин иргэдийн нэгдэл гэж тодорхойлж болно.
Нэгэнт эх байгалиасаа хувь баялгийг нь хүртэж байгаа болохоор хуулийн дагуу хариуцлагатай, зөв ажиллаж, амьдрах хүсэл тэмүүлэлтэй, улс орондоо хувь нэмрээ оруулах иргэнийхээ үүргийг ухамсарласан хүмүүс бичил уурхайн эгнээнд нэгддэг. “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг байгууллага, хүмүүсийн хүчин зүтгэлээр өнөөдөр бичил уурхайчдыг төр засаг маань мэддэг, анзаардаг болж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж холбогдох хууль, журамтай болоод байна. Бид ч хүний эрх зөрчигдсөн аливаа тохиолдлуудад асуудлыг хурцаар тавьж, эрхээ шаардаж мэддэг болжээ.
Эрх ашиг нь зөрчигдсөн бичил уурхайн байгууллагууд яриа хэлэлцээ, жагсаал цуглаан хийж, улмаар ойлголцол зөвшилцөлд хүрсэн тохиолдолд ч бишгүй бий. Төр засагт дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж гэрээ хэлцэл байгуулан, албан ёсны ажлын байрыг өөрсдөдөө бий болгож, татвар хураамжаа төлж ажиллаж байна. Байгаль орчны нөхөн сэргээлтийг бичил уурхайн арга аргачлалын дагуу чанартай хийж мэргэшсэн байгууллагууд ч нэгэнт бий болжээ. Бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийг 2014 оноос эхлэн Азийн сан олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд хийж байна.
Бид хариуцлагатай. Бичил уурхайн байгууллагуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдол ер байхгүй. Энэ нь бичил уурхайчдын ажиллаж, амьдрах хууль эрх зүйн орчныг улам сайжруулаад, дэмжээд өгвөл иргэдийн хөдөлмөрлөх нөхцөл, амьжиргаа дээшлээд зогсохгүй орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засагт нэмэртэйгээр үл барам байгаль эхдээ ч эерэг нөлөөтэй байхыг харуулж байгаа юм. Цаашлаад бичил уурхайгаас олсон орлогоороо хүмүүс өөр жижиг бизнес эхлүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн амжилттай ажиллаж яваа сайн жишээ цөөнгүй байна.
Мэдээж, тулгамдаж буй, шийдлээ хүлээж буй асуудлууд ч бий. Сайны хажуугаар саар гэгчээр зохион байгуулалтанд оролгүй, хувиараа ашигт малтмал олборлоод явж байгаа иргэдийн сөрөг үйл ажиллагаа нийт бичил уурхайчдын нэр төрийг сэвтүүлж байгаа нь үнэн. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэдэг. Бидний хийж бүтээснийг ухаж сүйтгэх хорон үйлдлийг ч тэр зохион байгуулалтад ороогүй хүмүүс гаргасаар байгааг хэлэх хэрэгтэй. Үүнийг зөвхөн бичил уурхайчид эсэргүүцээд, хэчнээн харж хамгаалаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Төр засгаас тодорхой бодлого, шийдэл гаргаж, иргэд, олон нийтийн үүрэг хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх бодитой ажлуудыг орон нутгийн удирдлагатай хамтран хэрэгжүүлж гэмээнэ үр дүн гарна. Амьдран буй орчин, байгаль экологидоо хүний ёсоор хандах ухамсарыг бий болгох, зүй бусаар хандсан тохиолдолд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгоогүй, хууль ёсыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүйгээс төр засаг нь ч, орон нутгийн удирдлагууд ч, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд ч тэр хариуцлагагүй үйлдэл, ухамсаргүй явдал гаргах нь хэрээс хэтэрч, үүний улмаас хүний эрх, тэр дундаа бичил уурхайн байгууллагын гишүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсдэг.
Жилээс жилд ахин дэвшсээр буй бичил уурхайчид бид хөгжлийн ямар цэгт хүрэхийг таашгүй.
Эх сурвалж: Бичил уурхайчдын сайн туршлага номноос