Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ)-ийн 4 дэх үе шат 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна. Төслийн энэ үе шатны зорилго нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбарыг төлөвшүүлэх, бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх дэлхийн бусад орны сайн туршлагаас суралцах, өөрсдийн туршлагаас хуваалцахад дэмжлэг үзүүлэх явдал юм.
2012 онд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулсан бичил уурхай эрхлэгчдийн судалгаа нь бичил уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа олборлолтын талбайн газарзүйн байршлыг тогтоох, хүн ам зүйн мэдээллийг тодорхойлох, тэдгээр иргэдийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, тулгарч буй асуудал, бэрхшээл гэх мэт энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нэгдсэн сан бий болгосон нь бодлого боловсруулагчид болон судлаачдадчухал хэрэгцээтэй мэдээллийн бааз суурь болсон юм.
2018 оны 3-р сарын 14-нд Үндэсний статистикийн хороо “Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн судалгаа-2016”-г олон нийтэд танилцууллаа. Танилцуулах арга хэмжээнд УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, СХГ-ын харьяа ҮМСХГ, ҮСХ, ШХА, МБУНДХ-ны төлөөлөл болон бичил уурхайчид оролцлоо.
Судалгааны зорилго нь бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүдийн хамрах хүрээг тогтоож бүртгэх, тэдгээрийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлж, ДНБ-ий тооцоонд тусгах, бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлон бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах, өмнөх судалгааны мэдээлэл харьцуулалт хийх, шаардлагатай нэмэлт үзүүлэлтийг бий болгоход чиглэгдсэн юм.
Судалгааны үр дүн нь манай улсын эдийн засагт голлох байр эзэлдэг уул уурхай, олборлох салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн өнөөгийн дүр төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Судалгаанд нийт 9.6 мянган иргэд хамрагдсан бөгөөд энэ нь 2016 оны эцсийн эдийн засгийн идэвхтэй хүн амын 0.8 хувь, ажилгүй иргэдийн 7.5 хувийг эзэлж байна. Ашигт малтмал олборлож буй иргэдийн 73.5 хувь, орлогын 65.4 хувь, нэмэгдэл өртгийн 59.5 хувийг алт олборлолтын үйл ажиллагаа бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар бичил уурхайн салбарыг төрөөс зохицуулах, энэ салбарыг үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч идэвхтэй хэсэг болгохталаар явуулж буй арга хэмжээний хүрээнд бичил уурхайд чиглэсэн бодлого эрх зүйн таатай орчныг бий болгох, албан ёсны, хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Энэ нь тус салбарт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход түлхэц болсон бөгөөд энэхүү судалгааны үр дүнд үндэслэн бичил уурхайн талаар бодлого боловсруулж, шийдвэр гаргахад үндсэн суурь мэдээлэл нь болно гэдэгт бид итгэлтэй байна.
Эх сурвалж: www.sam.mn