Бичил уурхайчдад зориулсан багц сургалтыг Ховд аймгийн Булган суманд зохион байгуулж байна
2021-11-17

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай ЗГ-ын 2019 оны 355-р тогтоолд заасны дагуу шинээр бичил уурхайн зориулалтаар газар олгохгүй байгаа билээ. Иймээс сумын хэмжээнд албан ёсны бичил уурхайн үйл ажиллагаа явагдаагүй хэдий ч бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдэд чадавхжуулах сургалтын хэрэгцээ шаардлага байсаар байна.

🟩 Оролцогчид энэхүү багц сургалтын хүрээнд бичил уурхайн байгаль орчин, ХАБЭА-н хариуцлагад хамаарах эрх зүйн орчны зохицуулалтууд, ашигт малтмал болон олборлолтын аргаас хамаарсан нөхөн сэргээлтийн аргачлалын онцлог, аюулгүй ажиллагааны стандартууд, эрсдэлийг тодорхойлох, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөнгөн усны хор хөнөөл, хүний эрх, жендэрийн талаарх мэдлэг ойлголтуудыг авах болно.

✨ planetGOLD төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гүйцэтгэж байна. Булган сум нь planetGOLD төслийн зорилтот бүсүүдийн нэг юм.

◾ Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталснаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үүрэг амлалт авсан билээ. planetGOLD төслийн зорилго нь бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, алтны гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, алтны хүдэр боловсруулах шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар мөнгөн ус хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулах болно.

Сэтгэгдэлүүд