planetGOLD Монгол төсөл "Үнэт Эдлэл, Үнэт Металлын Салбарын Нэгдсэн Чуулган"-ыг дэмжин ажиллав
2024-07-29

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран “Үнэт Эдлэл, Үнэт Металлын Салбарын Нэгдсэн Чуулган”-ыг Улаанбаатар хотод 2024 оны 4-р сарын 11-ний өдөр зохион байгуулав. planetGOLD Монгол төсөл уг чуулганыг дэмжин ажиллалаа. 

Үнэт металл, үнэт чулуу олборлогчоос үнэт эдлэл борлуулагч хүртэлх бүхий л дамжлагад оролцогч талуудыг нэгтгэж, салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, шийдэл эрэлхийлэх, улмаар салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн зорилго дор 3 дахь жилдээ зохиогдож буй уг чуулганд салбарын 120 гаруй төлөөлөгчид оролцов. 

forum 2024

Чуулганд салбарын 120 гаруй төлөөлөгчид оролцов.

Форумын эхний хэсэгт СЗХ болон зохион байгуулагч холбооны төлөөлөл үнэт металлын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод асуудал, шийдэл, боломж сэдвээр илтгэл тавьлаа. Түүнчлэн planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар илтгэл танилцуулав. Тэрээр илтгэлдээ бичил уурхайн салбарыг албажуулах болон бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй ажлын үр дүнг танилцуулж, төслийн зүгээс Сэлэнгэ аймагт байгуулсан алтны хүдэр боловсруулах бага оврын үйлдвэрүүдийн боловсруулах салбарт оруулж буй хувь нэмрийг онцлон дурдав. 

ab

planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана

Форумын хоёр дахь хэсэгт үнэт металлын олборлолт ба боловсруулалт, үнэт металлын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ болон арилжаа, хөгжих боломж сэдэвт салбар хуралдаанууд болов. Салбар хуралдаанд planetGOLD Монгол төслийн технологич инженер О.Бямбасүрэн илтгэл тавьж, алтны бичил уурхайд хүндийн хүчний баяжуулах технологи хэрхэн нэвтрүүлж байгаа талаарх туршлага, мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмын шаардлагуудын хүрээнд бичил уурхайд баяжуулах үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэлүүдийн талаар онцлон дурдав. 

BO iltgel

planetGOLD Монгол төслийн технологич инженер О.Бямбасүрэн

Төслийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа Монгол Улсын алтны нийлүүлэлтийн сүлжээн дэх гарал үүслийн зохицуулалт хангалтгүй байгаа талаар болон зохицуулалт хийснээр бий болох давуу талууд мөн олон улс дахь хөгжлийн чиг хандлага ямар байгаа талаар онцлон, илтгэл тавилаа. 

DG iltgel

planetGOLD Монгол төслийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа

Хэлэлцүүлгийн төгсгөлд салбар хуралдаануудын нэгдсэн дүгнэлтийг хэлэлцэв.

Үнэт металл олборлож буй бичил уурхайчид, түүгээр эдлэл хийж буй уран дархчууд, эдлэлийг худалдаалж буй худалдаачид буюу үнэт металлын нийлүүлэлтийн сүлжээний гол талууд нэгэн дээвэр дор цуглаж, гарц шийдэл хэлэлцэх нь салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр өндөртэй тул planetGOLD Монгол төсөл уг форум, үзэсгэлэнг 2022 оноос дэмжин ажиллаж, хамтран ажиллаж буй юм.

forum

planetGOLD Монгол төсөл уг форумыг 2022 оноос дэмжин ажиллаж байна.

 

Сэтгэгдэлүүд