Төслийн үндсэн хэрэгжүүлэгч болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (БОХ), төслийн гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-ийн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгон дахь “Шижир Хишиг” нөхөрлөл, "Түнхэл Манлай" нөхөрлөл болон “Баатар Вангийн Хишиг Арвижих” хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны төлөөлөлтэй уулзаж, төслийн хүрээнд хүрсэн хамтын үр дүн болоод цаашид тэдгээрийг урт хугацаанд хадгалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар санал солилцов.
“Шижир Хишиг” нөхөрлөл нь 2025 оны 3-р сард бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэрээгээ байгуулж, түр хугацаанд завсардаад байсан олборлолтын үйл ажиллагаагаа албан ёсоор эрхлэх боломжтой болсон. Ингэснээр тус нөхөрлөлийн planetGOLD Монгол төсөлтэй хамтран Мандал суманд байгуулсан алтны хүдэр баяжуулах цехэд зөвшөөрөлтэй талбайгаас алтны хүдэр нийлүүлэх боломж нээгдэж буй юм.
Иймд дээрх байгууллагын төлөөлөл “Шижир Хишиг” нөхөрлөлийн олборлолтын талбай болоод цехтэй танилцаж, санал зөвлөмж хэлэлцэв. “Шижир Хишиг” нөхөрлөл шинэ олборлолтын талбай дээр 2025 оны 9-р сар гэхэд олборлолтын ам нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн мэдэгдлээ.
planetGOLD Монгол төслөөс Мандал сумын Түнхэл тосгонд бичил уурхайчдын санаачилгаар байгуулагдсан “Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны хувьд үйл ажиллагаагаа хэдийн эхэлж, зээл олгох, хадгаламж өсгөх, шинээр гишүүн элсүүлэх ажил нь жигдэрсэн байна. Уулзалтаар ХЗХ-ны зүгээс үйл ажиллагаагаа НҮБ-ын БОХ болон АБУЗ-ийн төлөөлөлд дэлгэрэнгүй танилцуулж, цаашид үйл ажиллагаагаа улам бүр жигдрүүлэх, тогтвортой байдлыг хангах талаар зөвлөлдөв.
Түүнчлэн “Түнхэл Манлай” нөхөрлөлийн баяжуулах цехийн нөхцөл байдалтай танилцаж, олборлолтын газрын зөвшөөрлийн явц, асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа тал дээр санал солилцож, шаардлагатай уулзалтуудыг холбогдох төрийн байгууллагатай хийхээр тохиролцов.
НҮБ-ын БОХ-ийн Төслүүд хариуцсан менежер Б.Алтанбагана “Шижир Хишиг” нөхөрлөлийн олборлолтын талбайд зочлох үеэрээ олборлолтын ам нээж, олборлолт эхлэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, байгаль орчны дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах нь хамгийн чухал болохыг онцлов.
Түүнчлэн АБУЗ-ийн Гүйцэтгэх захирал Рожер Тиссогийн хувьд Түнхэл тосгонд байгуулагдсан ХЗХ-ны үйл ажиллагаа тогтворжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид ХЗХ-ны зүгээс Мандал сумын иргэдийг хамруулан хоршооны үйл ажиллагаагаа тэлэх ажилд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
“Шижир Хишиг” нөхөрлөл, "Түнхэл Манлай" нөхөрлөл болон “Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны төлөөлөл planetGOLD Монгол төслийн хамтын ажиллагаа, дэм дэмжлэгт онцгойлон талархал илэрхийлэв.