planetGOLD Монгол төслийн ололт амжилтаас хуваалцаж, цаашдын тогтвортой байдлыг хэлэлцэв
2025-05-20

planetGOLD Монгол төсөл мөнгөн усны хэрэглээгүй, албажсан, санхүүгийн хүртээмж бүхий алтны бичил уурхайн салбарыг төлөвшүүлэхэд зургаан жилийн турш амжилттай хэрэгжиж, албан ёсоор өндөрлөж байна. Төслийн хаалтын арга хэмжээ 2025 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болж, холбогдох төрийн албан хаагчид, олон улсын хамтрагч байгууллага болон төслийн зорилтот аймгууд болох Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн бичил уурхайчдын төлөөлөл бүхий 70 гаруй оролцогчид хуран чуулж, төслийн үр дүнг хэлэлцлээ.  

planetGOLD Монгол төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй бөгөөд уг төслийг НҮБ-ын Байгаль орны хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлМонгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран гүйцэтгэсэн юм. 

Төслийн хаалтын арга хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл онлайнаар мөн оролцов. БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга, planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны дарга Г.Энхмөнх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд төслийн оруулсан хувь нэмрийг тодотгов. 

Түүний дараачаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Төслүүд хариуцсан менежер Б.Алтанбагана нээлтийн үг хэлж, хариуцлагатай, мөнгөн усгүй алтны бичил уурхайн салбарыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан planetGOLD Монгол төслийн бүх оролцогч талуудад талархал илэрхийлэв. 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Төслийн ажилтан Хой Лай болон Байгалийн нөөцийн хамгааллын зөвлөлийн Олон улсын хөтөлбөр хариуцсан Дэд дарга, planetGOLD хөтөлбөрийн Даян дэлхийн зохицуулагч Сюсан Кийн нар мөн арга хэмжээнд зориулан цахимаар нээлтийн үг хүргүүлэв. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Төслийн ажилтан Хоа Лайг төлөөлж тус байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нээлтийн үгийг нь оролцогчдод хүргэв. 

Хоа Лай болон Сюсан Кийн нарын нээлтийн үгэнд төслөөс нэвтрүүлсэн алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи, бичил уурхайчдыг албажуулахад чиглэсэн арга хэмжээ, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой эмэгтэйчүүд манлайлсан хадгаламж, зээлийн хоршоо байгуулсан зэрэг төслийн гаргасан үр дүнгүүдийг онцлов. 

Нээлтийн үгийн дараачаар planetGOLD Монгол төслийн менежер Д.Хишгээ болон төслийн Технологич инженер О.Бямбасүрэн нар “Төслийн хэрэгжилт, ололт амжилт болон үр дүнгийн тогтвортой байдал”, “Алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи” сэдэвт илтгэлүүд тус тус тавьж, нийт оролцогчдод Сэлэнгэ аймагт байгуулсан алтны хүдэр баяжуулах мөнгөн үсгүй бага оврын үйлдвэрүүд болоод төслийн бусад үр дүнгүүдийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэв.

Илтгэлийн дараачаар “Төслийн үр дүнгийн тогтвортой байдал ба хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-ны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт удирдаж, панелистаар БОУАӨЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголбанк, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар, МБУНДХ болон төслийн төлөөлөл оролцов. Панелистууд төслийн хүрсэн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд оролцогч байгууллагууд уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг онцлов. Эдгээрт мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах технологийг түгээн дэлгэрүүлэх, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулах, төслөөс бий болгосон мэдлэг, сайн туршлагын жишээг хадгалах, түгээх ажлууд багтаж буй юм. Түүнчлэн панелистууд тус тусын байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд ямар хувь нэмэр оруулах боломжтойг дурдаж, алтны бичил уурхайн салбарын бодлогын орчин буюу  хууль эрх зүйн орчны хүрээнд тулгарч буй сорилтуудыг тодорхойлж, төслийн үр нөлөөг урт хугацаанд хадгалах чиглэлд тус тусын үзэл бодлоо илэрхийлэв. 

Оролцогчид, тэр дундаа бичил уурхайчдыг төлөөлөн ирсэн зочид мөн өөрт төдийгүй өөрийнх нь ажилладаг бичил уурхайн нөхөрлөлд үзүүлсэн төслийн үр шимээс хуваалцав. Сэлэнгэ аймгийн “Түнхэл Хас Жигүүр” нөхөрлөлийн тэргүүн Ц.Батмөнх “Энэ төсөл хэрэгжсэнээр өмнө мэддэггүй байсан олон мэдлэгийг олж авсан. Тухайлбал, би мөнгөн ус нь нэн аюултай химийн хорт бодис гэдгийг төслийн сургалтуудаас олж мэдсэн. Мөн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал болохыг ойлгож, эрсдлээс өөрсдийгөө сэргийлэхийн тулд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрддөг болсон. Байгаль орчиндоо хандах хандлага маань ч эрс өөрчлөгдсөн” хэмээн ярьлаа. Төслөөс байгуулсан Жендэрийн зөвлөлийн гишүүн, “Баатарвангийн Хишиг Холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Уугансувд “Жендэр гэх ойлголтыг хүмүүс зөвхөн эмэгтэйчүүдийн тухай гэж боддог. Гэвч энэ нь тэгш эрхийн тухай ойлголт юм. Тиймдээ ч манай Жендэрийн зөвлөл нь эрэгтэй, эмэгтэй бүхий л гишүүдийнхээ санал санаачилгыг дэмжин ажилладаг. Бид төсөлтэй хамтарч олон төрлийн сургалт зохион байгуулж, бизнес эрхлэхээс эхлээд мод тарьж, ургуулах хүртэлх өргөн хүрээний мэдлэг, чадвар олж авсан. Өөрсдийнхөө хашаанд хүртэл мод тарьсан. Энэ бол үнэхээр төслийн бодит үр дүн” хэмээн онцлов.

Арга хэмжээг хааж төслийн гүйцэтгэгч байгууллага болох Алтны бичил уурхайн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Рожер Тиссо үг хэлсэн бөгөөд тэрээр planetGOLD Монгол төслийн хүрээнд хамтдаа бий болгосон ололт, амжилтуудыг дүгнэн хэллээ. Ингэхдээ алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи нэвтрүүлсэн тухай, мөн Түнхэл тосгоны бичил уурхайчдын санаачилгаар байгуулсан хадгаламж, зээлийн хоршоо болоод мэдлэг мэдээлэл түгээх замаар бичил уурхайчдыг чадавхжуулсан зэрэг үр дүнгүүдийг онцлон дүгнэв. 

Тэрээр “Төсөл өнөөдөр албан ёсоор хаагдаж байгаа хэдий ч бидний хамтын ажиллагааны эхлэл гэж харж байна. Төслийн хэрэгжилтэд хамтран оролцсон талуудтай ойлголцох ойлголцол улам бүр сайжирч, салбарын хөгжлийг дэмжихэд юу хийх нь зүйтэйг бид илүүтэй ойлгож авлаа. Монгол Улс алтны бичил уурхайн салбараа албажсан, байгаль орчинд ээлтэй, бүх талуудын оролцоог хангасан байдлаар удирдан чиглүүлэх бүрэн чадамжтай боллоо. Ингэснээр зорилтот бичил уурхайчдын тогтвортой амьжиргааг бий болгох бөх бат суурь тавигдлаа” гэж дүгнэв. 

Мөн “Түнхэл Манлай” нөхөрлөлийн тэргүүн Б.Ганзориг үр шим хүртэгчдийг төлөөлж хаалтын үг хэлсэн бөгөөд тэрээр planetGOLD Монгол төсөлд хамрагдсанаар түүний нөхөрлөл Сэлэнгэ аймагт хамгийн дэвшилтэт, мөнгөн ус ашигладаггүй алтны хүдэр баяжуулах цех байгуулсан бөгөөд энэ нь хүдэр боловсруулах хугацааг гурав дахин багасгаж, алт авалтын түвшинг өсгөж, байгаль орчинд хал багатай үйл ажиллагаа явуулах боломжтой болсноо дурдлаа. “Уг шинэ цех бол зүгээр нэг техник технологи биш. Энэ бол манай орон нутагт маш том дэвшил авчирч буй ажил юм” гэж онцлоод, “Бид цаашид үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, бусад нөхөрлөлтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, хариуцлагатай алт баяжуулах чиглэлд тэргүүлэх боломжтой боллоо” гэж цохон тэмдэглэв. 

ТӨСЛИЙН ГОЛЛОХ ҮР ДҮНГҮҮД

Хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх чиглэлд гарсан үр дүнгүүд 

planetGOLD Монгол төсөл нь Монгол Улсын алтны бичил уурхайн салбарын бодлогын орчинг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Засгийн газрын 296 тоот тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, Сэлэнгэ аймагт орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж,  хариуцлагатай уул уурхайн загварыг нэвтрүүлсэн нь өнөөдөр бусад бүс нутагт жишиг болж байна. Түүнчлэн төслөөс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндэсний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бичил уурхайчдыг албажуулах, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллав.   

Гэсэн хэдий ч алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод, бүхэлд нь албажуулахад бичил уурхайн олборлолтын болон баяжуулалтын үйл ажиллагаа албажихаас эхэлнэ. Тиймээс төрийн байгууллагын ойлголт, дэмжлэг, эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлэх нь чухал болоод байна.

Жендерийн тэгш байдал болон санхүүүгийн хүртээмжийг хангах чиглэл дэх үр дүнгүүд

Төслийн бүх бүрэлдхүүн хэсэгт жендерийн тэгш байдлыг чухалчилж үзсэн. Төслийн хүрээнд эмэгтэйчүүд манлайлсан хадгаламж, зээлийн хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэхүү санхүүгийн механизм нь бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулж, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг  бүрдүүлэв. Түүнчлэн, орон нутагт Жендерийн зөвлөл байгуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгууллаа.

Алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй бага оврын үйлдвэр байгуулах болон чадавх бэхжүүлэх арга хэмжээний үр дүнгүүд 

Төслийн томоохон амжилтуудын нэг нь Сэлэнгэ аймагт алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй хоёр бага оврын хоёр үйлдвэр байгуулсан нь алт барилтын түвшинг 70 хүртэл хувиар нэмэгдүүлж, жилд ойролцоогоор 58 кг мөнгөн ус ашиглахаас сэргийлэх юм. 

Хууль эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, нийлүүлэлтийн сүлжээний магадлан шинжилгээ, жендерийн тэгш байдлын талаар бичил уурхайчид, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл зэрэг 3,500 гаруй хүнд сургалт зохион байгуулав. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрын зөвшөөрөл авах, алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэр байгуулах, түүний үйл ажиллагаа эрхлэх болон хадгаламж, зээлийн хоршоо байгуулах зааварчилгаа зэрэг техникийн шууд дэмжлэг авсан 398 уурхайчнаас 158 нь үйл ажиллагаагаа албажуулсан нь энэ салбарт гарсан томоохон ахиц юм. Энэ нь БОУАӨЯ, орон нутгийн засаг захиргаа болон бичил уурхайн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааны үр дүн билээ. 

Бодлогын судалгаа болон мэдлэг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнгүүд

Төслийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэгжилтийг дэмжих, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төслөөс Монгол Улсын бичил уурхайн салбарын хууль эрх зүйн орчин,  алтны нийлүүлэлтийн сүлжээ, нийгэм-эдийн засгийн чиглэлээр нийт зургаан гүнзгийрүүлсэн бодлогын судалгаа хийж, судалгааны дүнг баримтад үндэслэсэн шийдвэр гаргахад ашиглуулах зорилгоор олон нийтэд өргөн хүрээтэй түгээсэн. Түүнчлэн цахим платформууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэл ашиглаж, мэдээлэл, сурталчилгааны олон төрөлт үйл ажиллагаа явуулсан бөгөөд  нийтдээ давхардсан тоогоор 1.6 сая хүнд мэдээ мэдээллээ хүргэжээ. 

Ийнхүү planetGOLD Монгол төсөл хэрэгжсэнээр бичил уурхайн байгууллагуудын чадавх бэхжиж, орон нутгийн иргэдийн оролцоо нэмэгдэж, байгаль орчны талаар олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтуудын хэрэгжилтэд бодит  ахиц дэвшил гарч, төсөл нь алтны бичил уурхайн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэх бат бөх суурийг тавьлаа. 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон төслийн эрхлэн гаргасан мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны цахим хуудаснаас авна уу.  

Цахим хуудас: https://www.planetgold.org/mongolia

Сэтгэгдэлүүд