planetGOLD Монгол төслийн удирдах хорооны хаалтын хурал болов
2025-05-20

planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны хаалтын хурал 2025 оны 5-р сарын 20-ны өдөр боллоо. Тус хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх даргалж удирдах хорооны гишүүдээс БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн төлөөллүүд, мөн төсөл хэрэгжүүлэгч байгууллага НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөл тус тус оролцов.

Хурлаар planetGOLD Монгол төслийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон төслийн үр дүнгийн зорилтуудын биелэлт, үр дүнгийн талаар төслийн баг танилцуулга хийв.  

Хэлэлцэх асуудлын дагуу төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид  хэрхэн хангах, баталгаажуулахад оролцогч талуудын үүрэг оролцоо, амлалтуудын талаарх төлөвлөгөөг гишүүд хэлэлцэж санал солилцов.  

Удирдах хорооны гишүүд төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт байгуулагдсан алтны хүдэр баяжуулах цехийн эргэн төлөлтийн талаар санал хэлж, тогтвортой байдлын хүрээнд орон нутгийн болон бусад холбогдох талуудын хөндлөнгийн мониторинг хийх оролцоог тодорхой тусгах, үүргийн биелэлт хэрэгжээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөөнд тусгахыг зөвлөв. 

Түүнчлэн төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахад оролцогч талуудын  үүрэг оролцоо, арга хэмжээг хариуцах албан тушаалтныг хаалтын төлөвлөгөөнд нэмж оруулан хурлаар гарах шийдвэрийн төсөлд тусган батлуулахаар боллоо.  

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөл удахгүй хийгдэх төслийн хаалтын үнэлгээнд Удирдах хорооны гишүүд дэмжлэг үзүүлж оролцохыг хүслээ. 

Удирдах хорооны гишүүдийн зүгээс төслийн 2025 оны тайланг хангалттай гэж дүгнэж, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахад талууд чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг зөвлөснөөр хурал өндөрлөв. 

Сэтгэгдэлүүд