Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 5 жил, бичил уурхайчдын 3 дугаар их хурал амжиллтай болж өндөрлөлөө.
2018-12-16

Монголын бичил уурхайчид нэгэн дээвэр доор нэгдсэнээс хойш тав дахь жилтэйгээ золгож байна. Нийгэмд нинжа хэмээх нэрнээс салж бичил уурхайчид болж улмаар хариуцлагатай уул уурхай эрхэлж төлөвшихөд олон талын хамтын ажиллагаа чухал. Тэднийг нэгтгэсэн “Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр” холбооны ажил  өнгөрсөн хугацаанд   шинэ шатанд гарч гадаад харилцаа нь олон улсын хэмжээнд хүрч хүрээгээ тэлжээ. Тэд таван жилийн ойн өдрөөр III их хурлаа хийсэн юм. Өдгөө нэг дүүрэг 15 аймгийн 45 суманд 79 гишүүн байгууллагууд 429 нөхөрлөлийн зохион байгуулалтад орж 6300 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь бичил уурхайчдаа зохион байгуулалтад оруулж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь мэргэжлийн тусалцаа үзүүлдэг. Түүнчлэн нөхөн сэргээлт хийж орон нутагтаа хүлээлгэн өгдөг нь уул уурхайн компаниудаас хариуцлагатай гэдгээрээ ялгардаг. Мөн орлогын нэмэлт эх үүсвэр, хуримтлалтай болгоход дэмжлэг үзүүлдэг. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран ажиллаж тэдэнд чиглэсэн үр өгөөжтэй олон ажлыг хийсээр ирсэн юм. Ойн үеэр бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан юм.

Баянхонгор аймгийн “ХАМОДХ” ТББ гүйцэтгэх захирал Ж.Цэрэндамба: ЭКО АЛТЫГ АЗИДАА АНХ НИЙЛҮҮСЭН БАЙГУУЛЛАГА

Баянхонгор аймгийн “ХАМОДХ” ТББ гүйцэтгэх захирал Ж.Цэрэндамба: ЭКО АЛТЫГ АЗИДАА АНХ НИЙЛҮҮСЭН БАЙГУУЛЛАГА

-Манайх өөрсдийн гараар олборлосон алтаа Монголбанкаар дамжуулан Лондонгийн хөрөнгийн биржид тушаадаг. Бидний нийлүүлсэн алтаар хийсэн бүтээгдэхүүний зургийг хараад сэтгэл өндөр байдаг. Манайх алтны үндсэн ордод үйл ажиллагаа эрхэлдэг. Шороон ордод тухайн аймаг орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлоос хамаарч бичил уурхай эрхлэгчдийн дагаж мөрдөх Засгийн газрын 151 дүгээр журмыг хэрэгжүүлэхдээ гажуудуулах явдал гарч байна. Гар аргаар олборлохоос ажиллах бүтээмжийг дээшлүүлж техникийн моторын хэмжээг тогтоож өгсөн сайн журам. Харин бичил уурхай эрхлэгчдэд зориулан өгсөн газар дээр техникийн хүчээр богино хугацаанд олборлолт хийж буй нөхөрлөл нэртэй компаниуд орж ирэх боломж олгосон гэдгээр сөрөг талтай.Манай “ХАМОДХ” ТББ бичил уурхайчдын эко алт олборлолтыг дэлхийн зах зээлд таниулсан Азидаа анхдагч байгууллага.

Увс аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г. Ганболд: ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРООГҮЙ 500 БИЧИЛ УУРХАЙЧТАЙ

-Энэ жил манай аймгаас бичил уурхай эрхлэгчдэд жамц давс олборлоход зориулж таван мянган га газар олгосон. Долоон суманд бичил уурхайн дөрвөн  нөхөрлөлийн 800 иргэн үйл ажиллагаа явуулдаг. Цаана нь зохион байгуулалтад ороогүй 500 орчим бичил уурхайч бий. Тэднийг ажлын байртай болгох гол арга зохион байгуулалтад оруулж нөхөрлөл байгуулан газар олгох хэрэгтэй.  Засгийн газрын 151 дүгээр тогтоол Давс, Тариалан суманд сайн хэрэгжиж байна.

Сэтгэгдэлүүд