Бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний боломж, хүртээмжийг судлав
2024-04-26

planetGOLD Монгол төсөл алтны бичил уурхайчид нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж, хүртээмж хэр байгааг судалж, 2024 оны 4-р сарын 26-ны өдөр тус судалгааны үр дүнг танилцуулах семинар зохион байгуулав. Судалгаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, нийгмийн халамж, сургуулийн өмнөх боловсрол гэсэн нийгмийн таван үйлчилгээг хамрууллаа.

planetGOLD Монгол төслийг гүйцэтгэгч байгууллага болох Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Рене Рожер Тиссот семинарыг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Энэхүү судалгаа нь Монгол Улсын нийгийн хамгааллын бодлого боловсруулах түвшинд дэмжлэг болох ач холбогдолтой судалгаа болсны сацуу бичил уурхай эрчимжиж буй бусад улс орнуудад хэрэгжүүлэх боломж бүхий дүгнэлт, зөвлөмжийг багтаасан болохыг онцгойлон дурдмаар байна” хэмээв. Түүнчлэн судалгааг ахлан гүйцэтгэсэн хөндлөнгийн судлаач, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Ахлах багш Д.Амаржаргал болон planetGOLD Монгол төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар судалгаанаас гарсан дүгнэлт, үр дүн болоод зөвлөмжийг танилцуулав. 

RT

Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Рене Рожер Тиссот

Бичил уурхай нь ажлын байр хомс хөдөө орон нутагт нас, хүйс, боловсролын түвшин харгалзахгүй хэн ч орж ажиллаж, амьжиргаагаа залгуулах боломж олгодог онцлогтой салбар юм. Тус салбар нь өдгөө дэлхийн 80 гаруй орны 10-20 сая хүнийг, тэр дундаа 4-5 сая хүүхэд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, дэлхийн нийт алтны 20 хувийг үйлдвэрлэж байна. Харин Монгол Улсын хувьд МБУНДХ-ны 2022 оны эх сурвалжид дурдсанаар бичил уурхайн салбарт оргил үедээ 100-120 мянган хүн ажиллаж, 400 мянган хүний амьжиргааг дэмжиж байсан. Сүүлийн жилүүдэд албажуулалтын үйл явц удааширсны улмаас эдгээр иргэд ажилгүй болж, нийгэм-эдийн засгийн баталгаа нь хангагдахгүй байхад хүрч байна.    

Улмаар ажлын байраа өөрөө бий болгон, амьжиргаагаа дэмжиж буй энэхүү өвөрмөц бүлэг нийгмийн хамгааллын бодлогын үр шимээс хэрхэн хүртэж буй нь анхаарал хандуулахуйц түвшинд хүрсэн юм. Иймд нөхцөл байдлыг судалж, дээр дурдсан таван үйлчилгээний боломж, хүртээмжийг сайжруулах бодлогын зөвлөмж өгөх зорилгоор төслийн зорилтот аймгууд болох Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгийн бичил уурхайчид болон төрийн албан хаагчдыг хамруулан уг чанарын судалгааг хийлээ.

FA Amarjargal

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Ахлах багш Д.Амаржаргал

Судалгааны үр дүнд бичил уурхайчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдалт бусад хүн амын бүлгээс доогуур түвшинд байгаа нь харагдлаа. Ялангуяа бичил уурхайн салбар эрчимжиж эхэлсэн үе буюу 2000-аад оноос ажиллаж эхэлсэн бичил уурхайчдын хувьд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа нь онцгойлон анхаарах шаардлагатай үр дүн байлаа. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгох насанд хараахан хүрээгүй байхдаа эрүүл мэндийн хувьд доройтох, бичил уурхайн ажлыг хийхэд хүндрэлтэй болох явдал бичил уурхайчдын дунд түгээмэл тохиолдож байна. Ийм нөхцөл байдалд орсон бичил уурхайчдын хувьд өөр ямар нэгэн орлогогүй болж, ажлын байр олдохгүй бол тэдний хувьд ар гэрээ тэжээхэд бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд энэ байдал нь нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, мэдээлэл багатай албан бус бичил уурхайчдад илүү эмзэг тусч байгааг судалгааны үр дүнд онцоллоо. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс тэдний онцлог хэрэгцээг харгалзан сайжруулах зүйлс байгааг тус судалгаа онцлов. 

Судалгааны зөвлөмжид нийгмийн даатгалд хамрагдалтыг нь нэмэгдүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах, ХАБЭА-н арга туршлагыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх, тэдний онцлог хэрэгцээг хангах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, явуулын эмнэлгийн үйлчилгээ уурхайн талбай дээр давтамжит байдлаар үзүүлэх, эдгээр үйлчилгээний талаарх мэдлэг, ойлголтын түвшинг нэмэгдүүлэх зорилтот сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх, явуулын буюу гэр цэцэрлэг ажиллуулах санал санаачилгыг нь дэмжих шаардлагатай байгааг онцоллоо. 

FA LJ

planetGOLD Монгол төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам

planetGOLD Монгол төслийн баг танилцуулга семинарын төгсгөлд судалгаа эхлэхээс тайлан боловсруулж дуусах хүртэл бүхий л хугацаанд оролцож, дэмжлэг үзүүлж ажилласан Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай аймгийн бичил уурхайчид, орон нутаг дахь туслах ажилтнууд, бичил уурхайн нөхөрлөлүүд, бичил уурхайн төрийн бус байгууллагуудын төлөөлөлд тусгайлан талархлаа илэрхийлэв. 

Судалгааны үр дүн болоод зөвлөмжийг дараах холбоосоор бүрэн эхээр нь үзнэ үү. 

Монгол хэл дээрх судалгааны тайлан: https://www.planetgold.org/sites/default/files/Altnii-bichil-uurhaichdiin-niigmiin-zailshgui-uilchilgeenii-bolomj-hurteemjiin-sudalgaa.pdf 

Англи хэл дээрх судалгааны тайлан: https://www.planetgold.org/sites/default/files/Assessing-the-Gap-Artisanal-gold-miners-and-social-services.pdf 

FA part

Оролцогчид

 

Сэтгэгдэлүүд