Уул уурхайн тухай хуулийн төслийг олон улсын шилдэг зөвлөх боловсруулж байна
2017-08-23

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд хуулийн төсөлд санал, зөвлөмж авах уулзалтуудыг яамны хурлын танхимд  салбарынхны дунд удаа дараа зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн ээлжит уулзалтад “Адам Смит Интернэйшл” байгууллага болон Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, аж ахуйн нэгжүүдийн зарим төлөөллүүд  оролцсон юм.

Хуулийн төслийг олон улсын жишигт нийцсэн зохицуулалттай, салбарын тулгамдсан олон асуудлыг хууль эрх зүйн талаас нь зөв зүйтэй шийдвэрлэх боломжийг хангах зорилгоор УУХҮЯ  Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд (ЕСБХБ)  хандаж, мэргэжлийн зөвлөхүүдийг авч ажиллуулах хүсэлт гаргасан гэдгийг яамны удирдлагууд уулзалтын үеэр онцолж байлаа.

ЕСБХБ   хуулийн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд дэлхийн 60 гаруй орны уул уурхайн хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцож, зөвлөгөө өгч байсан, хууль эрхзүйн өргөн мэдлэг,  туршлагатай,  АНУ-ын Денвер мужийн  профессор Жеймс Отто шалгарсан аж.

Тэрээр УУХҮЯ-ны Ажлын хэсгийн энэ удаагийн уулзалтад анх удаа оролцсон бөгөөд Ашигт малтмалын тухай хууль биш, зөвхөн Уул уурхайн тухай тухай хуулийн төслийн боловсруулалтад зөвлөгөө өгч, төслийн драфтийг боловсруулан холбогдох яаманд хүлээлгэн өгнө гэдгээ хэлж байв.

Жеймс Отто нь Монгол улсын уул уурхай, эдийн засгийн нөхцөл байдлыг 20 гаруй жилийн өмнөөс мэддэг төдийгүй 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулалтад оролцож, зөвлөгөө өгч байжээ. 

“Уул уурхайн тухай хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуультай холбоотой зүйл заалтууд өөрчлөх саналууд ирж байна. Гэхдээ миний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд ажиллах үүрэг хүлээгээгүй. Уул уурхайн салбарын өмнө нь зохицуулагдаж байгаагүй олон асуудлыг Уул уурхайн хуулиар зохицуулна гэж би ойлгож байгаа. Хуулийн бүх заалтыг хэрэгжүүлэх талаас нь судлаж, зөвлөмж гаргана ” хэмээн профессор Жеймс Отто уулзалтын үеэр  тодотгож байв.

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн хуулийн төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээ бүтэн жил үргэлжлэх хугацаатай ч яамны зүгээс шахаж, намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ мэдээж чанартай хууль гаргахын төлөө явна. Олон улсын шилдэг зөвлөхийг урьж ажиллуулж байгаа болохоор зөв шийдлүүд гарах байх” хэмээн ярилаа.

МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаа “Уул уурхайн тухай хуультай болохыг бид эсэргүүцэхгүй ч яг ямар харилцааг зохицуулах гэж байгааг ойлгомжтой болгох хэрэгтэй. Хууль батлагдахад маш олон мэргэшсэн, олон улс болон дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд ажиллах болно. Гэтэл Монголд цэвэр мэргэшсэн хүмүүсийг баталгаажуулах асуудал шийдэгдээгүй. Тэгэхээр энэ хууль дүр эсгэсэн байдлаар хэрэгжих вий” хэмээн саналаа илэрхийллээ.

Сэтгэгдэлүүд