Тогтвортой бичил уурхай төсөл 5 аймгийн бичил уурхайн холбоодтой ажиллаж байна.
2018-05-25

Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүн байгууллагууд болох Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Увс, Хэнтий аймгийн бичил уурхайн холбоодыг чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх талаар гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд Аймгийн бичил уурхайн холбоодын байгууллагын чадахыг бэхжүүлэх, орон нутагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, үйл явцыг эрчимжүүлэх орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Бичил уурхайн аймгийн холбоодыг чадавхжуулах ажлын хүрээнд "Аймгийн бичил уурхайн холбоодыг чадавхжуулах эхлэлийн сургалт"-ыг 4 дүгээр сарын 10-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад дээрх 5 аймгийн бичил уурхайн холбоодоос гадна Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн бичил уурхайн байгууллагуудын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцлоо.  Сургалтын үеэр бичил уухайн хууль эрх зүйн орчин, байгууллагын менежмент, албан бичиг хэрэг хөтлөлт, хүний эрхэд суурилсан хандлагыг хэрхэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар оролцогчид мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн. Мөн хамтран ажиллах 5 бичил уурхайн холбоодын чадавхын суурь үнэлгээг хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж боловсруулсан.

ТБУТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан Өмнөговь аймгийн бичил уурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн Л. Дэлгэрбаяр сэтгэгдлээ хэлэхдээ: Бид бүхэн маш их баяртай байна. Нүдээ олсон дэмжлэг боллоо. Манай аймгийн хувьд Хүрмэн, Мандал-овоо, Номгон, Цогт-Овоо, Булган, Сэврэй, Баяндалай, Гурвантэс, Ханбогд, Манлай сумдын нутаг дэвсгэрт иргэд хувиараа алт олборлож эхлээд 20 гаруй жил болж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт ихээр явагдсан. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд хувиараа ашигт малтмал олборлогч 1,600 гаруй иргэд байна. Аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрт “Бичил уурхайн олборлох, боловсруулах үйл ажиллагааг хууль журмын дагуу дэмжин, нэгдсэн зохион байгуулалтад оруулах” ажлыг тусгаж хувиараа ашигт малтмал олборлогчдыг зохион байгуулалтад оруулах, олборлолт явуулах газрын асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авч эхэлсэн. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлыг хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн онд манай бичил уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдаж одоогийн байдлаар 27 бүртгэгдсэн нөхөрлөлийн 264 бичил уурхайчин гишүүнээр элсээд байна. ТБУТ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд болон гишүүн бичил уурхайчдадаа хүрч ажиллана. Хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх, бичил уурхайн зохион байгуулалт, албажуулалтыг эрчимжүүлэх  талаар орон нутгийн удирдлагууд, холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах болно.

Сэтгэгдэлүүд