planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хороо хуралдав
2024-09-27

planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хорооны хурал 2024 оны 9-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Төслийн гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-ийн Гүйцэтгэх захирал Рожер Тиссотын даргалсан тус хуралд бүсийн удирдах хорооны гишүүд 100 хувийн ирцтэй оролцов.

Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл оролцов.

Филиппин Улсыг төлөөлж тус улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яам, Төв банк болон Камаринес Норт мужийн захиргааны төлөөлөл оролцлоо. Түүнчлэн planetGOLD Монгол-Филиппин төслийн хэрэгжүүлэгчийг төлөөлж НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ)-ын төлөөлөл хуралд оролцов.

Хурлаар planetGOLD Монгол-Филиппин төслийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаар танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яамны төлөөлөл төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Яамдын төлөөлөл төслийн бүс нутгуудад байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрүүд мөнгөн усны хэрэглээг халаад зогсохгүй, санхүүгийн чадвар багатай бичил уурхайчдын хувьд том бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлов. Мөн энэхүү сайн туршлагыг бусад орон нутагт түгээх нь чухал бөгөөд үүнд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Түүнчлэн planetGOLD Монгол-Филиппин төслүүдийн бага оврын цехүүдийн ажиллагааг жигдлэх, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх механизмыг хэрэгжүүлэх, тоон үзүүлэлтэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилгоор төслийн хэрэгжих хугацааг 2025 оны 9-р сар хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэлүүд