Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 2023 онд Бичил уурхайн мэгргэжлийн холбооны эрх, үүргийг хэрэгжүүлсэн тайлан
2024-01-24

НЭГ. БИЧИЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ “БИЧИЛ УУРХАЙН СУРГАЛТ”-ЫН ТАЛААР

 

Бичил уурхайн сургалтыг 2023 онд 28 удаа зохион байгуулснаас Улаанбаатар хотод танхимаар 10 удаа, Сэлэнгэ аймагт 3 удаа /Мандал, Ерөө, Хүдэр/, Баянхонгор, Увс аймагт тус бүр 2 удаа, Төв, Дундговь, Хэнтий, Булган, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад тус бүр 1 удаа хийсэн.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталснаас хойш нийт 18 аймаг, Улаанбаатар хотод 28 удаагийн сургалтаар 741 нөхөрлөлийн 6,315 бичил уурхайчин сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авснаар бичил уурхай эрхлэх боломжтой болсон.

Сургалтанд хамрагдсан бичил уурхайчдын мэдээнд Увс аймгийн бичил уурхайчдын нэгдсэн холбооны Бичил уурхайн сургалтанд хамрагдсан бичил уурхайчдын мэдээлэл нэгтгэгдээгүй болно.

 

ХОЁР. “БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ГЭРЭЭ”-НИЙ ТАЛААР

 

Бичил уурхайн сургалтанд хамрагдсан бичил уурхайчдаас Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 127 нөхөрлөл байгуулан, 1,437 бичил уурхайчин ажлын байраар хангагдаад байна. Энэ нь сургалтанд хамрагдсан бичил уурхайчдын 22.8 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй боловч журам шинэчлэн батлагдсанаас хойш Ашигт малтмал, газрын тосны газраас шинээр 28 талбайд дүгнэлт гарсантай холбоотой юм.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан 127 нөхөрлөлөөс 51 нөхөрлөл нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан. Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/1699 тоот албан бичгээр “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд дөрөвдөгч тал болон байгуулсан нь журам зөрчсөн үйлдэл болсон, цаашид зөрчлийг гаргахгүй байх” гэсэн чиглэлийг ирүүлсний дагуу гэрээ ажиллаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 11 дүгээр сард өмнөх журмын хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан 60 талбайг цуцалсан, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн гэрээний хугацаа дуусгавар болсон зэргээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүчин төгөлдөр гэрээтэй 48 нөхөрлөлийн 587 бичил уурхайчин 77.9 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 3 нөхөрлөл нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан.

Дээрх чиглэл ирүүлснээс хойш Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа нөхөрлөлүүд, Увс аймгийн бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн холбоотой Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүдийн мэдээлэл нэгтгэгдээгүй.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, сумын Засаг дарга, бичил уурхайн нөхөрлөлүүдээс Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран ажиллах хүсэлтүүд ирж байгаа учраас бид цаашид өөрсдөө хүссэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний оролцогч тал болж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх ажлаа үргэлжлүүлнэ.

 

ГУРАВ. БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БИЧИЛ УУРХАЙ САЛБАРЫГ АЛБАЖУУЛАХ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН БУСАД АЖИЛ

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүдэд хийсэн чиглүүлэх сургалт.

  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан 52 нөхөрлөлд 2023 оны 07 дугаар сарын 03-04, 06-07-ний өдрүүдэд сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уг сургалтанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүд татварын болон нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн гаргах, ХАБЭА, нөхөн сэргээлтийн талаар анхаарах асуудал болон бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Азийн сангийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулсан.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 30 нөхөрлөлд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Уг сургалтанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүд татварын болон нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн гаргах, цаашид анхаарах асуудал болон бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Планет голд Монгол төслийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулсан.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн 30 нөхөрлөлд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Уг сургалтанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүд татварын болон нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн гаргах, цаашид анхаарах асуудал болон бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Планетголд Монгол төслийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулсан.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн 23 нөхөрлөлд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уг сургалтанд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан нөхөрлөлүүд татварын болон нийгмийн даатгалын тайлангаа хэрхэн гаргах, цаашид анхаарах асуудал болон бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх талаар Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Планет голд Монгол төслийн санхүүжилтээр амжилттай зохион байгуулсан.

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвөлгөөн.

  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд болон бичил уурхайн мэргэжлийн холбооны нэгдсэн хэлэлцүүлэг зөвөлгөөнийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уг зөвөлгөөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, БОАЖГ-ын дарга болон мэргэжилтнүүд, бичил уурхай бүхий 27 сумын Засаг дарга, БОХУБ нар оролцлоо. Зохион байгуулагчаар БОАЖЯам, Экологийн цагдаагийн алба нь МБУНДХолбоотой хамтран зохион байгуулсан.  УУХҮЯ, АМГТГ нь хэлэцүүлэг зөвөлгөөний гол зохион байгуулагч тал байсан боловч оролцоогүй. Хэлэлцүүлэг зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажилласан.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын зөвөлгөөнийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн холбогдох төрийн албан хаагчид болон бичил уурхайчид оролцлоо. Зохион байгуулагчаар Планет голд Монгол төсөл, Ашигт малтмал, газрын тосны газрын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар, Ховд аймгийн ЗДТГ нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын зөвөлгөөнийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн холбогдох төрийн албан хаагчид болон бичил уурхайчид оролцлоо. Зохион байгуулагчаар Планет голд Монгол төсөл, Ашигт малтмал, газрын тосны газрын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын зөвөлгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн холбогдох төрийн албан хаагчид болон бичил уурхайчид оролцлоо. Зохион байгуулагчаар Планет голд Монгол төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн ЗДТГ нь Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
  • Завхан аймгийн бичил уул уурхайн зөвөлгөөнийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулсан. Уг зөвөлгөөнд Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох төрийн албан хаагчид, Завхан аймгийн ЗДТГ, БОАЖГ, Цагдаагийн газар, Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөлөл, бичил уурхайчид, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын ивээл дор Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
  • Архангай аймгийн бичил уурхайн зөвөлгөөнийг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод зохион байгууллаа. Уг зөвөлгөөн Цэнхэр сум, Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, бичил уурхайчид, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.
  • Хэнтийн аймгийн бичил уурхайн зөвөлгөөнийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Батноров, Баян-Адарга, Норовлин, Дархан, Цэнхэрмандал, Бор-Өндөр, Хэрлэн сумдын Засаг дарга, төрийн албан хаагчид, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Цагдаагийн газар, бичил уурхайчид, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг, зөвөлгөөнөөс гарсан зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж ажиллаа.

 

Бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа болон бусад арга хэмжээ.

  • Экологийн цагдаагийн албатай “Хамтран ажиллагааны санамж бичиг”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Санамж бичгийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хууль бус уул уурхайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомж, заавар журмыг бичил уурхайн салбарт хэрэгжүүлэх талаар Зөвлөмжийг 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдөр гаргасан.
  • Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм болон Аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, бичил уурхайн салбарын эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Гаалийн ерөнхий газар, Зогсолтгүй сүлжээ ХХК, Дэлхийн банк, Дэлхийн зөн ОУБ, Трафигура сан, Азийн сан, Планет голд Монгол төсөл, Нээлттэй нийгэм форум, Стандартчилал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын албатай хамтран ажиллаж байна.
  • Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Мөн Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх албаны ажилтнууд болон салбарын зохицуулагч нар Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитаар амжилттай бэлтгэгдэн гэрчилгээгээ авлаа.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны мэдээллийн санд Өвөрхангай аймгийн бичил уурхайчид 84.6 га талбайд нөхөн сэргээлт хийсэн мэдээлэл албан ёсоор орсон. Мөн өмнөх жилүүдэд бичил уурхайчид нөхөн сэргээлтийг хийж актаар хүлээлгэн өгсөн боловч Байгаль орчны мэдээллийн санд ороогүй 5 аймгийн 14 газарт 51.54 га табайд нөхөн сэргээлт хийсэн акт, 2023 онд Увс аймгийн Тариалан сумын Борхавцал нэртэй газарт Бичил уурхайн зориулалтаар ашиглаж, нөхөн сэргээсэн 3.57 га, Дархан-Уул амйгийн Шарын гол суманд 3 газарт  16.2 га талбайд нөхөн сэргээлт хийж актаар хүлээлгэн өгсөн газрын мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байна.
  • Бичил уурхайн нэгдсэн мэдээллийн сангийн платформыг зохион ажлын даалгаварыг бэлэн болгоод байна.
  • 2023 оны 04 сарын 26-нд Франц улсын Парис хотод болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 2023 оны форум “Эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээ” сэдвийн дор явагдаж, Гүйцэтгэх захирал Э.Оюунболд оролцлоо.
  • Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр,  Монголын хуульчдын холбоо болон Нээлттэй нийгэм форумтай хамтран 2023 оны 10 дугаар сарын 19-н өдөр зохион байгуулахад оролцсон.
  • Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос 2023 оны 09 дүгээр сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд Архангай, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Сэтгэгдэлүүд