“Монгол алт-2018" чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-04-17

Монголын уул уурхайн бирж, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй “Монгол алт-2018" чуулга уулзалт эхэлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй аж ахуйн нэгж болон төр засгийн захиргааны хяналт шалгалтын байгууллагын удирдлагууд болон бичил уурхайчид оролцсон. Түүнчлэн 30 орчим аж ахуйн нэгж алтны хайгуул олборлолтын техник, тоног төхөөрөмж танилцуулж, үзэсгэлэн гаргасан байв.

Үр дүнд нь сүүлийн жилүүдэд гурван тонн хүрэхгүй байсан алт олборлолт өнгөрсөн оны байдлаар 20 тоннд хүрсэн том амжилт гарсан юм. Тиймээс алт олборлогчдын зүгээс чуулга уулзалт үеэр хайгуулын лицензийн зөвшөөрлийг олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварын хуульд өөрчлөлт оруулах, “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг төрийн бодлогод тусгах саналтай байгаагаа хэлж байлаа.

“Монгол алт-2018” арга хэмжээнд ОХУ, БНХАУ зэрэг гадаадын таван улсын хөрөнгө оруулагчид, технологийн салбарын мэргэжилтнүүд ирсэн байв. Салбарынхан ч БНХАУ-ын Алтны холбоотой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болгох зэрэг тулгамдаж байгаа асуудлаа танилцуулсан.

Мөн Монголбанкны судалгаа статистикийн газрын судалгааны хэлтсийн эдийн Б.Хүслэн дэлхийн зах зээл дээрх алтны эрэлт, нийлүүлэлтийн төлөв, үнийн таамаглал, цаашдын чиг хандлагыг танилцуулсан. Тэрбээр “Алтны эрэлт үнэт цаас бондтой харьцуулахад тогтвортой байдаг.

Гэхдээ үнэт эдлэл, технологийн зориулалтаар эрэлт бий болдог учир тухайн зориулалтаас шалтгаалж дэлхийн зах зээл дээрх эрэлт нэмэгдэх, хэвээрээ хадгалагдах хандлагатай байгаа. Томоохон судалгаа шинжилгээний байгууллагуудын гүйцэтгэсэн үнийн таамаглалаас харахад ирэх жилүүдэд алтны үнэ харьцангуй тогтвортой байна. Мөн “Алт 2025” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсад нийлүүлэгдэх алтны хэмжээ, тоо нэмэгдэх хүлээлт бий. Эдгээрээс дүгнэхэд Монголын алтнаас олох экспортын орлого дунд хугацаанд нэмэгдэх хүлээлттэй байна” гэсэн юм.

Сэтгэгдэлүүд