Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хурлын талаарх эргэцүүлэл: planetGOLD Монгол төслийн орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ
2024-01-03

Тэмдэглэл: 2023 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны хооронд Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-ийн Канад, Буркина Фасо, Монгол, Филиппин зэрэг улсын төлөөлөл Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хуралд оролцов.

 

Асуулт:  Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хуралд оролцсоноор таны олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

Д.Хишгээ: Энэ удаагийн бага хурал нь Монгол Улс Минаматагийн Конвенцод нэгдэн орсны 8 жил, АБУЗ-өөс planetGOLD Монгол төслийг гүйцэтгэж эхэлснээс хойших 5 дахь жилтэй давхцан тохиож буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл бид төслийн үр дүн, ололт амжилтыг харж болох мөн Засгийн газрын тус конвенцоор хүлээсэн үүргийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой цаг үе тохиож байна гэж бодож байна. Миний хувьд анх удаагаа ийм дээд хэмжээний арга хэмжээнд оролцож байгаа тул алтны бичил уурхайтай холбоотой хэлэлцүүлэг, холбогдох үйл ажиллагаанаас суралцах зүйл маш их байлаа. Түүнчлэн бусад улс орнуудын туршлагыг өөрсдийн туршлагатай харьцуулах боломж бүрдсэн чухал арга хэмжээ боллоо.

Асуулт: Минаматагийн конвенцын зорилгыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд АБУЗ-ийн зүгээс хэрхэн ажиллах нь зүйтэй гэж та бодож байна вэ?

Д.Хишгээ: АБУЗ нь цаашид өөрсдийн арвин туршлага, судалгаан дээр үндэслэн алтны бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээг албан ёсны болгох болон холбогдох технологийн шилжилтийг олон улсад танилцуулж, нэвтрүүлж ажиллах бүрэн боломжтой гэж харж байна.

Асуулт: Төслийн хувьд Минаматагийн конвенцын зорилтуудад хүрэх чиглэлд хэрэгжүүлж буй тэргүүн туршлага юу байна вэ? Мөн олон улсын түвшинд ямар боломжууд байна вэ?

Д.Хишгээ: Төслийн үйл ажиллагаа, гарч буй үр дүн нь мөнгөн усны хэрэглээг халах конвенцын зорилго хэрэгжихэд тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнчлэн би энэ удаагийн бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн хамт оролцсон бөгөөд энэ нь төслийг олон улсын түвшинд танилцуулах боломжийг бүрдүүлж өгсөн гэж бодож байна. Төслийн үр дүн, АБУЗ-ийн талаарх эерэг сэтгэгдлийг төрийн албан хаагчдаас сонссон минь надад маш их урам зориг өгсөн.  

Асуулт: Минаматагийн конвенцын зорилгыг цаашид улам бүр амжилттай биелүүлэхэд та болон танай багийн зүгээс ямар ажлуудыг хийх вэ?  

Д.Хишгээ: Энэхүү 5 дугаар бага хурлаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах, халах Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо нэн чухал болохыг онцолсон. АБУЗ нь planetGOLD Монгол төслийн гүйцэтгэгч байгууллага бөгөөд Монгол Улсын төрийн болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудтай өргөн хүрээнд хамтран ажилласаар ирсэн.

Иймээс, төсөл хэрэгжих үлдсэн хугацаанд бид эдгээр ололт амжилтуудаа бататгаж, алтны бичил уурхайг албажуулах, мэргэшүүлэх ажлын хүрээнд бий болгосон мэдлэг, технологийг үндэсний оролцогч талуудад хүлээлгэн өгөх, тэдний цаашдын оролцоо, үүрэг хариуцлагыг баталгаажуулах, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, бичил уурхайчдад ашиг шимийг хүртээмжтэй байлгахаар зорьж ажиллах болно.

Асуулт: АБУЗ нь бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа ялгардаг вэ? Мөн олон улсад үйл ажиллагаагаа таниулах, өргөжүүлэхэд бидэнд юу чухал вэ?

Д.Хишгээ: АБУЗ-өөс олон орнуудад хэрэгжүүлсэн төслүүд нь тухайн улсын бичил уурхайн салбар төдийгүй засгийн газруудад үнэ цэнэ бүхий арвин туршлага, сургамж, шинэ мэдлэгүүдийг нэвтрүүлж өгсөн байдаг. Миний бодлоор АБУЗ нь алтны бичил уурхайн салбарт хүдэр боловсруулах технологи нэвтрүүлэх болон алтны нийлүүлэлтийн сүлжээг албан ёсны болгох чиглэлд түлхүү анхаарч ажиллавал олон улсын түвшинд давуу тал бий болгоно гэж үзэж байна.

Эх сурвалж: planetGOLD Монгол төслийн гүйцэтгэгч байгууллага болох Алтны бичил уурхайн зөвлөлийн албан ёсны цахим хуудас Reflections on Minamata COP-5 - Khishgee Dondov - Artisanal Gold Council

Сэтгэгдэлүүд