Хувь хүний хөгжлөөс бичил бизнесийн дэвшилд
2017-03-27

Дунд сургуулиа амжилттай төгсөөд цааш үргэлжлүүлэн суралцах хүсэл тэмүүлэл их байсан ч өвөө эмээгээ асрангаа хөдөө мал маллах ажил түүнд ногджээ. Эндээс л Дорноговь аймгийн Айраг суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Эх орон хамтын хүч” ТББ-ын гишүүн, “Дэлгэрэх” нөхөрлөлийн ахлагч, Б.Цог-Юүрэнгийн ажил амьдралын гараа эхэлжээ. Нутгийн залуутай танилцан 1998 онд гал голомт бадрааж, өдгөө гурван сайхан охин үртэй, өнөр өтгөн амьдарч явна.

Малаа маллаж, ашиг орлогоор нь амьжиргаагаа залгуулж ирсэн залуу гэр бүл үр хүүхэдтэй болсноор нэмэлт орлого олох эх үүсвэр шаардагдаад ирсэн. Тэр л үед өвөлжөөнийх нь ойролцоо жоншны орд илэрч, хүмүүс ч зохион байгуулалтгүйгээр хуйларч эхлэв. Нэгэнт ойрхон байгаа газарт хүрч үзэхээр шийдэн нөхөр нь эхлээд явж, улмаар хамтдаа явбал бас ч үгүй дэмтэй юм даа хэмээн Б.Цог-Юүрэн ханцуй шамлан оржээ.

Хүүхдүүд том болж сургуульд эхнээсээ орж эхэлсэн тул хэдэн малаа айлд тавиад, жонш олборлож цуглуулсан хэдэн төгрөгөөрөө байр, унаа авч сумын төвд суурьшив. Сумын төвд ажил ч олдсонгүй. Гэтэл 2006 оны их зуднаар хамаг малаа алджээ. Хэчнээн удаан ажилгүй суух билээ дээ, буцаад л жонш олборлох болсон.

 

Жонш олборлож, бага багаар арга туршлага хуримтлуулсаар 2004 онд өөрсдийн ажлын ачааллыг хөнгөвчлөхөөр компрессор худалдан авлаа. Багажаа ашиглан бизнес хийх боломж байгааг мэдээд бусдад түрээслүүлэх замаар багагүй ашиг олсон ч,

 

-Мөнгөө зөв зарцуулах арга ухаан, туршлага, мэдлэг боловсрол дутмагаас болоод их алдсан... хэмээн тэрээр харамсан ярьж суулаа.

 

Жонш олборлох ажил үнэхээр хүнд хүчир. Дээр нь хууль бусаар, хувиараа ашигт малтмал олборлогчдын эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдээгүй, харж ханддаг байгууллага, төр захиргааны нэгж байхгүй, дээр нь олон нийтийн сөрөг хандлагаас болж үргэлж хөөгдөж туугдсан, нуугдсан, айж эмээсэн, амь өрссөн, бие сэтгэлээр хохирсон асар хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг байлаа. Хятад иргэн хувиараа бичил уурхай эрхлэгч иргэнийг хөнөөсөн Монгол орныг цочроосон хэрэг гарч, бидний амь насанд ямар ч баталгаа алга, бид цаашдаа яаж ажиллаж амьдрах вэ, хэнд хандах вэ, яах вэ? гээд олон асуултууд толгойд нь эргэлдэж эхэлжээ. Улмаар өөрсдийнхөө төлөө өөрсдөө л дуу хоолой, хүч хөдөлмөрөө нэгтгэн тэмцэх ёстой юм байна гэдгийг ухаарч, хамтран ажилладаг Л.Лхагва эгч болон хэсэг нөхөдтэй нэгдэн “Эх орон хамтын хүч” төрийн бус байгууллагаа байгуулсан байна.

 

"Олны хүч, оломгүй далай" гэдгээр дор бүрнээ гарах гарцыг эрэлхийлж яваад улсын хэмжээнд “нинжа” нарын эрх ашгийг хэн хамгаалж, ямар ажил хийгдэж байна хэмээн сураг тавин явсаар бичил уурхайн салбарт хэрэгжиж буй Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн талаар мэдээлэл олж авсан нь тэдэнд амьдралдаа олон зүйлийг өөрчлөх боломж, бололцоо байгаа юм байна гэдэг итгэл найдвар өгчээ.

 

Төслөөс зохион байгуулсан төрөл бүрийн сургалтаас хүний эрх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх сургалтууд өөрт нь үр өгөөжөө хамгийн ихээр өгсөн гэж онцолж байв. Хүний эрхийн сургалтаар эдлэх эрхийнхээ зэрэгцээ нийгэмд хариуцлага хүлээх тухай сайтар ойлгож, улсдаа зохих татваруудаа төлдөг болсон нь тэдний сургалтаас олж авсан томоохон өөрчлөлт ажээ. Улмаар гишүүдээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулдаг болсноор нөхөрлөл нь шилдэг татвар төлөгч батламжийг гардаж авсан төдийгүй гишүүддээ эрүүл мэнд, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж чаджээ.

 

Ялангуяа төсөл боловсруулах, хэрэгжүүлэх талаарх сургалт тэдний хувьд өндөр ач холбогдолтой болж, амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд ихэд нөлөөлсөн гэнэ. Аливаа ажлыг төлөвлөх, тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах гэдэг маш чухал юм гэдгийг энэ сургалтаас ойлгож авчээ.

 

Сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан "Блокны үйлдвэр" байгуулах анхны төслөө ч бичиж. Тэгээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн байна. Үүндээ урамшаад үйлдвэрээ өргөтгөн дахин өнгөт хавтан үйлдвэрлэх бизнес төлөвлөгөө боловсруулж, Тогтвортой бичил уурхай төслийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлаа хангаад байгаа гэнэ.

 

Нөхөрлөлөө удирдахын зэрэгцээ орон нутагтаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажлын байр бий болгох чиглэлд ч багагүй зүйл хийв. Хөрөө рам, гагнуурын аппарат худалдан авч багахан үйлчилгээний төв ажиллуулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч жонш олборлолтын бус цагаар ажилгүй гэртээ суудаг таван эмэгтэйг нэгтгэн бууз хийж “Арвин бууз” нэртэйгээр банш, бууз, бөөрөнхий мах савлан борлуулдаг болсон байна. Ийнхүү тэрээр зургаан хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Өөрийн санаачилга, бусдын төлөө гэсэн нийтэч сэтгэлийн үрээр таван гишүүнээ гэртэй, гурван гишүүнээ машин унаатай болгосон байна. Тэр ч байтугай зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйг нөхөрлөлдөө манаач-тогоочоор ажиллуулж, тогтмол цалинжуулахын зэрэгцээ цахилгаан, түлээний асуудлыг нь шийдэж, тусалж дэмжээд явдаг болжээ.

 

Засаг захиргаа ойлгохгүй, “муусайн жоншны нинжа нар” гээд дургүй, орон нутгийнхан бас ойлгодоггүй, дэмждэггүй байсан үе бий ч төслийн үйл ажиллагааны нөлөөгөөр бичил уурхайн хууль эрх зүйн орчин сайжирч, тасралтгүй сургалт, хамтын ажиллагаа явуулсны үр дүнд засаг захиргааны хандлага өөрчлөгдөж эхэлсэн.

 

Бичил уурхайн хүнд хөдөлмөрөөс өөр орлого олох боломж эрэлхийлэн, баялаг үйлдвэрлэхээр зорьж буй олны дуу хоолойг засаг захиргаандаа хүргэх, иргэддээ мэдээлэл түгээх гээд нийт иргэдийнхээ итгэлийг хүлээн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүн, багийн нийтийн хурлын дарга, Баялаг бүтээгчдийн салбар хорооны тэргүүн зэрэг сонгуульт ажлыг хийж гүйцэтгэж байна. Тэрээр орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран сум орон нутгаас зээл авч шинээр үйл ажиллагаа эхэлж буй байгууллага, хувь хүмүүсийг хэрэглэгч байгууллагатай холбож өгөх ажлыг зохион байгуулж, үр дүнтэй хамтран ажилладаг талаараа ярьж байлаа.

 

-Засаг захиргаатайгаа маш сайн хамтран, ойлголцож ажилладаг тулдаа бид, хэдийгээр үйлдвэрээ бариад удаагүй ч явган хүний зам тавих захиалга аваад маш завгүй ажиллаж байгаа. Цаашлаад блокны үйлдвэрээ түшиглээд дугуй засварын газар, тавилгын үйлдвэр гэх мэтийг бага багаар барьж байгуулан ажиллуулна даа... хэмээн ирээдүйд хийх ажил, төлөвлөгөөнийхөө талаар хуваалцах зуураа тэрээр,

 

-Аливаа ажлыг хийхдээ зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөтэй ажиллахын чухлыг сургалтаас ойлгосон учраас бид бага багаар амжилтанд хүрч байгаа... гэж хэлж байлаа.

Дунд сургуулиа дүүргээд мал дээр гарсан жирийн малчин бүсгүй Б.Цог-Юүрэн өнөөдөр Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны өгөөжөөр өөртөө итгэлтэй, бусдыг манлайлан, удирдан ажиллаж чаддаг болсныг түүний бичил уурхайн орлогоороо бизнес эрхэлж, шинээр ажлын байр бий болгож, татвар, даатгал төлөгч шилдэг байгууллага болж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж яваагаас харж болно. Ийнхүү, хөгжлийн төсөл хөтөлбөрийн үр шим, өгөөж буян нь хувь хүнийг хөгжил дэвшилд хүрэхэд нөлөөлж, малчнаас бичил уурхайчин, цаашлаад үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нэгэн болтол өсч хөгжсөнөөс харагдана.

Сэтгэгдэлүүд