Хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд орон нутгийн оролцоо чухал
2017-08-21

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хэрэгжиж эхэлснээс хойш эдүгээ 12 жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн хугацаанд ТБУТ бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулах, албажуулах, хариуцлагажуулах, чадавхжуулах чиглэлээр бичил уурхай бүхий сумдын удирдлагатай хамтран ажилласан. Хэрэгжилтийн явцад аймгийн түвшинд бичил уурхайн үйл ажиллагааг орон нутгийн онцлог, ашигт малтмалын төрлөөс хамааруулан бодлогоор зохицуулах хэрэгцээ шаардлага байгаа нь ажиглагдсан.

Тиймээс 2017 оноос эхлэн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Увс зэрэг нийт 13 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулж бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, бичил уурхайгаар олборлолт явуулах газрын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг талуудын оролцоог ханган, хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээний талаар оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, бичил уурхайгаас орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх асуудлыг аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган бичил уурхайн асуудлыг хариуцах, аймаг сумдын төрийн захиргааны албан хаагчид бичил уурхайчдад хүрч ажиллах чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Аймгийн түвшинд хамтран ажилласнаар бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, бичил уурхайчдад төрийн үйлчилгээг хүргэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах орон нутгийн төрийн байгууллагуудын ажлын уялдаа эргэх холбоо сайжирна гэж үзэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, санхүүгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж нийт 31 хүн хамруулав. Сургалтанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын бичил уурхайн дээвэр холбоо, Бизнесийн хөгжил шийдэл компани зэрэг байгууллагууд оролцон бичил уурхайн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтанд оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан ”Бичил уурхай бол манай аймгийн хувьд маш чухал асуудлын нэг юм. Хэдийгээр манай аймагт алт, жонш төдийлөн их байхгүй ч вольфрамын нөөцөөр баялаг. Манай аймаг, сумдын удирдлагууд бичил уурхайн талаар тодорхой мэдээлэл авснаар бичил уурхайг зохион байгуулалттай, илүү хариуцлагатай болгоход төслөөс мэргэжил арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллах болно” гэж онцлон хэллээ.

Сэтгэгдэлүүд