Г.Мөнхцэцэг: Дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим хүн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулдаг
2019-08-30

Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм. Үргэлжлүүлэн бичил уурхайн салбарт шийдвэр гаргахаар ажиллаж буйг холбогдох албаныхан мэдэгдэж буй. “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгтэй энэ талаар ярилцлаа.
Засгийн газраас хууль бус тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас гадна бичил уурхайн салбарт ч шийдвэр гаргана гэж мэдэгдэж байна. Бичил уурхайчдын хувьд энэ мэдэгдлийг хэрхэн хүлээн авч байна вэ?
Засгийн газрын наймдугаар сарын  21-ний өдрийн хуралдааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярын ярьснаар  “...бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг цуцлах асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар хэлэлцэнэ” гэсэн. Дараагийн хурал гэдэг нь маргааш болох хурал гэж ойлгож байгаа. Хэрэв энэ журмыг цуцлах шийдвэр гаргавал Монгол Улсын хэмжээнд бичил уурхайг албан ёсоор хууль журмын хүрээнд эрхлэх боломжгүй болж хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа иргэдээ хууль бус үйлдэлд турхирсан, эмх замбараагүй үйл явдалд уриалсан хэрэг болж мэдэхээр байна. Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь бичил уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах гол бодлогын бичиг баримт байдаг. Яахав энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулаад улам сайжруулаад явах бүрэн боломжтой. Харин цуцлах нь маш эрсдэлтэй байдалд хүргэх болчхоод байна. Уг нь үе үеийн Засгийн газар бичил уурхайн салбарт ухаалаг бодлого баримталж ирсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого маш тогтвортой, зөв чиглэлд явж ирсний үр дүнд өнөөдөр бичил уурхайчид маш сайн үр дүнд хүрээд байгаа. Хэрэв энэ бодлого алдагдаж журмыг цуцлавал нөгөө л өмнөх үеийн зуун мянган нинжа буцалж байсан хөл толгой нь олдохгүй замбараагүй төвшиндөө ч буцах эрсдэлтэй.
-Орон нутагт бичил уурхай нэрээр хууль бусаар алт олборлодог байдал тасрахгүй байгаа нь Засгийн газар ийм алхам хийхэд хүргэж байна уу?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өдрүүдэд бичил уурхайчдыг нинжа гэж цоллож , тусгай зөвшөөрлийг цуцлуулж нинжа нарыг оруулах гэж байна гэсэн хар пиарыг явуулж байна. Бичил уурхай гэдэг нинжа биш. Учир нь бичил уурхай чинь нөхөн сэргээлт хийдэг, албан ёсны гэрээт газруудтай, Монгол банканд алтаа тушаадаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг хүмүүс байдаг. Тийм ч учраас Монгол Улс Азидаа цорын ганцаар бичил уурхайн стандартыг олон улсын төвшинд хангасан гэж үнэлэгдсэн байдаг. Харин ч бид хууль бус олборлолтыг эсэргүүцдэг бодлоготой. Засгийн газраас байгаль орчны нөхөн сэргээлтийг шаардаж байгаа бодлогыг манай холбооны зүгээс бүрэн дэмжиж байгаа.
-Засгийн газраас барьж байгаа бодлого нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал. Одоогийн байдлаар 1100 байршилд 27405 га газар эвдэрсэн гэж мэдэгдэж байгаа. Бичил уурхайчид ер нь нөхөн сэргээлтийг хэр хийдэг юм бэ ?
-Манайх 2013 оноос хойш 450 га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Энэ жил гэхэд 80 га талбайг нөхөн сэргээж байна. Бичил уурхайчдын ашиглалтын талбайн хувьд одоогийн байдлаар 350 гаруй га талбай байдаг. Бидний зүгээс зөвхөн ашигласан талбайгаа нөхөн сэргээхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн олборлолтоос сүйтгэгдэж үлдсэн эзэнгүй газруудыг ч нөхөн сэргээдэг. Энэ жил нөхөн сэргээх 80 га талбайн 20 га нь ингэж эзэнгүй сүйтгэгдэж үлдсэн талбай байх жишээтэй.
-Монголын бичил уурхайчдыг дэмждэг тогтолцоог Азидаа үнэлдэг гэж байна. Ер нь бусад улс орон бичил уурхайчдаа хэрхэн авч үздэг юм бол?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улсад 100 сая орчим иргэн бичил уурхайгаас амьжиргаагаа залгуулж байдаг. Гэтэл манай улс ганцаараа бичил уурхайтай юм шиг хаана, бооно, шоронд хийнэ, журамлана гэж муйхар юм ярьцгаах юм. Бичил уурхайн салбар өөрөө гадаад улс орнуудад 200-300 жилийн түүхтэй. Зарим улсад зөв замаар нь хөгжүүлж албажуулсан байхад зарим улс оронд бичил уурхайгаас үүдэн иргэний дайн болсон ч түүх бий. Тиймээс манай улсын хувьд бичил уурхайн салбарыг нэгэнт төр засгийн зүгээс олон тооны бодлогын баримт бичигтээ тусгаж, журам боловсруулж хэрэгжүүлж байгаа. Харин үүнийгээ улам сайжруулах асуудал л яригдах ёстой юм.
-Ингэхэд манай улсад одоо хэчнээн бичил уурхайчин байна вэ?
-Манай нэгдсэн холбооны гишүүн байгууллага 15 аймгийн 55 суманд үүсгэн байгуулагдаад байгаа. Нийт 87 ТББ-ын 420 гаруй нөхөрлөл орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Хэрэв журам цуцлагдсан тохиолдолд олон мянган бичил уурхайчид ажилгүй болно гэж байна?
-Журам цуцлагдвал 9500 орчим бичил уурхайчин өнөөдөр амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ. Лиценз нь цуцлагдсан уурхайн эзэд 3000 хүн ажилгүй боллоо л гэж байна. Архангайн Цэнхэрт гэхэд 8400 га,  Ц.Мянганбаярын эзэмшил талбай гэхэд 13000 га.  Мянга мянган га-аар ярьж байна. Гэтэл бичил уурхайчид 350 га талбайг л ашиглаж байна. Ийм хэмжээний талбайд 12 мянган хүн ар амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Нэмж хэлэхэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэхэд төр засгийн хүч хүрэхгүй байгаа энэ үед манай холбоо орон нутгийн салбаруудаараа дамжуулан хяналт тавь, хамтран ажиллах боломж бүрэн байна.
Б.Энх

Сэтгэгдэлүүд