Эрдэс баялгийн салбар дахь жендер
2017-11-24

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарыг Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус семинарыг СЕСМИМ төсөлтэй хамтран зохион байгуулж буй бөгөөд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, "Канадын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд"ТББ-ын гүйцэтгэх захирал Сири С.Геник нар оролцлоо. 

Уг семинарт бичил уурхайчдыг төлөөлөн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Хяналтын зөвлөлийн дарга, Говь-Алтай аймгийн "Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбоо"-ны Тэргүүн, Есөнбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Мядагбадам "Бичил уурхай, эмэгтэйчүүд ба орон нутгийн иргэд" сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр илтгэлдээ: "Манай Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбоо нь орон нутгийнхаа 350 гаруй иргэдийг бичил уурхайн хууль журмын дагуу нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулан, олсон орлогоосоо хуримтлал үүсгэн өөр ажлын байранд шилжих, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд: авто засвар, монгол гутал, бууз баншны цех, оёдлын цех гэх мэт. Өөр орлогын эх үүсвэртэй болж, эмэгтэйчүүдийг түлхүү ажлын байранд шилжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн 2012-2016 онуудад нийт 32,440 сая төгрөгний ХАОАТ, ЭМ, НДШ төлж, 2012-2017 онуудад 77,71 га талбайг бид өөрийн санхүүжилтээр нөхөн сэргээсэн юм" гэлээ.

“Эрдэс баялгийн салбар ба жендэр” семинарын үеэр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг тус тус эрдэс баялгийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, салбарын оролцогчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Сэтгэгдэлүүд