"ЭХ ОРНЫХОО АЛТЫГ ЭРДЭНЭСИЙН САНДАА" АЯН
2019-07-19

Монгол банкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлсэн билээ. Аян 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм. Төв банкинд алтны нөөц нэмэгдэхийн хэрээр валютын нөөц зузаарч, төгрөгийн ханш тогтвортой байх, эдийн засгийн өсөлт бий болох нөхцөл болж өгдөгийг хэн бүхэн мэднэ. Иймээс ч аяны нээлтээр төв банкнаас уул уурхайн компаниуд болон хувиараа алт олборлогчдыг олборлосон алтаа хууль ёсны нийлүүлэлтийн сүлжээний дагуу эх орныхоо эрдэнэсийн санд буюу Монголбанкинд худалдахыг уриалсан юм. Уг аянаар иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанкинд болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.

Өнгөрсөн онд алт олборлогчид нийт 21.8 тн алтыг Монголбанкинд худалдсан бөгөөд үүний багагүй хувийг бичил уурхай эрхлэгчдэд хамааралтай. Нийт алтны дийлэнхийг буюу 12.5 тонныг 175 иргэн тушаасан нь үүний нотолгоо болох биз ээ.

Монголбанкнаас цаашид Орон нутагт үнэт металлын сорьцын лаборатори байгуулах, алтны салбарын хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, хууль бусаар алтыг хил давуулах явдлыг бууруулах чиглэлийг барьж ажиллах бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Уг аяны нээлтэд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, ШХА-ын Тогтвортой бичил уурхай төсөл, МБУНДХ, Хаан, Голомт банкууд зэрэг байгууллагууд оролцлоо. 

Дашрамд дурдахад тус арга хэмжээний үеэр Голомт банкны ахлах теллер Г.Мөнх-Эрдэнэ 2019 оны алтны ханшийн таамаг танилцуулсан. Алтны ханш нь долларын ханштай урвуу хамааралтай бөгөөд долларын ханш сулрахад алтны ханш өсөж байдаг. Энэ жилийн хувьд АНУ-ын болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, Евро бүсийн эдийн засаг бууралттай байгаагаас шалтгаалан долларын ханш буурч, алтны ханш нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн зах зээлд алтны ханш унц нь 1310-1350 ам доллар байхаар таамаглажээ. Энэ нь алтны бичил уурхай эрхлэгчдэд таатай мэдээ. Бичил уурхай эрхлэгчид маань үнийн өсөлтийн таатай үед ашиг орлогоо зөв тооцож, уул уурхайн бус орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтаа төлөвлөх биз ээ.

Эх сурвалж: www.bichiluurhai.mn

Сэтгэгдэлүүд