Б.ЛХАГВАСҮРЭН: АЛТААР ДАМЖУУЛАН ВАЛЮТЫН НӨӨЦ 700 САЯ ДОЛЛАРААР НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ
2018-08-28

Хууль бусаар алт хилээр гаргахыг зогсоох, алт тушаалтын дамжлага, хүнд суртлыг бууруулах чиглэлд төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, Монголбанкны зүгээс өнгөрсөн хугацаанд алт олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, уулзалт ярилцлага хийжээ. Мөн Дархан, Баянхонгор аймагт алтны сорьцын лаборатори байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд тус аймгуудад сорьцын лаборатори ашиглалтад орсноор ойр орчмынх нь аймаг, сумдад алт олборлож байгаа иргэд заавал Улаанбаатарт ирж сорьцлуулах шаардлагагүй болох аж. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжийн зардал буурч, түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна. Хэлэлцүүлгийн үеэр алт тушаалтыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Монголбанк 2018 онд өмнөх жилээс 10 хувиар илүү буюу 22 тонн алт худалдан авах зорилт тавьжээ. Өнөөдрийн байдлаар хэдийг худалдан аваад байна вэ. Зорилт биелэгдэхээр байна уу?

-Монголбанк өнөөдрийн байдлаар 11.5 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал таван хувиар өссөн үзүүлэлт. Алт тушаалт найм, ес, аравдугаар саруудад илүү идэвхждэг учраас оны эцэст 22 тонн алт худалдан авах Монголбанкны зорилт биелэх боломжтой харагдаж байгаа. Мөн алт тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкнаас үе шаттай ажлууд хийж байна. Алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, иргэдтэй байнга хамтран ажиллаж байна. Мэдээж байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарахыг зөвлөж байгаа.

-Алт бол гадаад валютын албан нөөц бүрдүүлэлтэд шууд оролцдог онцгой бүтээгдэхүүн. Монголбанк төлөвлөсөн хэмжээндээ алт худалдан авбал улсын валютын нөөц хэр хэмжээгээр нэмэгдэх вэ?

-Дэлхийн зах зээл дээрх нэг унци алтны үнэ 1200 ам.доллараас доошоо ороод байна. Сүүлийн үед алтны үнэ бага зэрэг буурч байна. Өнөөдрийн ханш 1190 ам.доллараар бодвол 20 тонн алт нь 650-700 сая ам.доллартай тэнцэж байна. Монголбанк төлөвлөсөн алтаа худалдан авбал валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой. Жил бүр алт худалдан авалтаар дамжуулан валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэнэ гэдэг нь эргээд эдийн засагт тийм хэмжээний дэм болно. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжиж, иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Дээр нь гадаад худалдаа өсч байгаа. Гадаад худалдааг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь валютын нөөц шүү дээ.

-Монголбанкинд тушаасан алтны 60 орчим хувийг хувь хүн, иргэд нийлүүлжээ. Энэ ямар учиртай юм бэ, ААН-үүдийн алтны үйлдвэрлэл багассан гэсэн үг үү?

-ААН-ийн орлогын албан татвартай холбоотойгоор иргэний нэр дээрх алт тушаалт нэмэгдсэн. Учир нь, хуулиараа аж ахуйн нэгжүүд гурван тэрбум төгрөгөөс дээш орлого олбол 25 хувийн татвар төлж байгаа учраас компаниуд ААН-ээр биш иргэнээр дамжуулан алтаа тушаах хувилбар руу орсон. Энэ нь хууль зөрчсөн зүйл биш. Цаашдаа татварын хуульд орсон зөрүүтэй ойлголтыг засч залруулах шаардлагатай байгаа. Тиймээс Монголбанкны зүгээс албаныхантай хамтран хууль боловсруулж байна. Алтны нөөц ашигласны төлбөр өнөөдөр 2.5 хувь байна. Энэ хуулийн зохицуулалт 2019 оны нэгдүгээр сард дуусна. Үүнээс хойш эргээд таван хувь руу орно. Тиймээс 2.5 хувийн зохицуулалтыг дунд хугацаандаа хадгалж, Монголбанкинд алтаа тушаадаг аж ахуйн нэгжийн хооронд харилцааг хэвийн тогтвортой байлгах үүднээс хуулийн хугацааг таван жилээр сунгах үндэслэлээр төсөл боловсруулсан. Уг санал нь алт олборлогчид, ашигт малтмалын газар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам гээд бүх талуудаар дэмжигдсэн байгаа. Намрын чуулганаар хуулийн өөрчлөлтийг өргөн барьж хэлэлцүүлнэ.

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэлүүд