Бичил уурхайд өнгөрүүлсэн он жилүүд минь
2018-10-10

Энэхүү бичвэрээрээ би ТББ-ынхаа гишүүн, өрх толгойлсон эмэгтэй Д.Нэргүйн амьдралын түүхийг өгүүлэхээр зорьсон юм.

Тэрээр 1969 онд төржээ. Бага насаа аав, ээжийн ачлал хайранд өнгөрөөж, Баянхонгор аймгийн 3 дугаар дунд сургуульд суралцан, 1985 онд наймдугаар ангиа амжилттай төгсөөд, цаашлан эрдэм номын мөр хөөж, Хөвсгөл аймгийн Ойн ТМС-д ой үржүүлэгч, хамгаалагч мэргэжил эзэмшсэн байна. Тэгээд нийслэлд ирж, 1988-1993 онд Ус цаг уур, ан агнуурын эрдэм шинжилгээний институтын дэргэдэх Баянголын мод үржүүлгийн газраас ажил хөдөлмөрийнхөө гарааг анх эхэлж, 1994 онд Зайсанд туслах хамгаалагчаар ажиллажээ. Жилийн дараа нутгийн зүг жолоо залан төрсөн гэртээ ирж, өөрийнхөө хүсэл сонирхлоор ногоочин болсон байна. Энд ажиллаж байхдаа нутгийн залуутай сэтгэлийн учгаар холбогдон, улмаар 1997 онд хоёр охиныхоо аавтай нийлэн, өргөө гэрийнхээ өрхийг татаж, өнөр сайхан айл гэр болжээ.
Эднийх мал ахуй адуулан маллаж, бусдын л адил сайхан амьдарч байлаа...
Зууны зааг дээр Монгол Улсад хэдэн жил дамнасан их зудын тухай хүмүүс өнөөдөр нэгэнт мартжээ. Хот дүүрэн малтай байсан айл хоёр гуравхан борлонтой үлдсэн тохиолдол олон. Хувхайрч хоосорсон нь ч зөндөө. Мал байтугай хүн зутарч, хот хороогоо хуулж түлсэн айлын хашаа хороо яг л хавирга нь сэрийсэн сэг шиг харагдаж байсан тухай тэр үед сэтгүүлч бичиж байв. Энэ аймшигт гамшиг амьдрал зохиогоод удаагүй байсан хурааж базаасан эд хөрөнгөгүй залуу гэр бүлийг малгүй болгож, чухам л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болгожээ. “Үнэхээр сэтгэл зүйн хувьд асар хүнд цохилтонд орж, цаашдаа яаж амьдрал ахуйгаа залгуулах вэ, яаж үр хүүхдээ тэжээж өсгөх вэ гэдэг асуудалтай тулгарч билээ” гэж тэрээр сэтгэл шимшрэн ярьсан юм.

Бичил уурхайн амьдрал минь эхнээсээ дардан байсангүй...

Зуд ганцхан тэднийхийг дайраагүй. Улсын хэмжээнд маш олон аймаг, сумыг хамарсан юм. Хөдөөд малгүй болсон малчдад ямар өөр хийх ажил байх биш дээ. Хотоо хоосруулсан малчид амьдралаа залгуулахын эрхэнд хүрз, зээтүү, ногоон түмпэн, резин бариад “Буйлсан” гэдэг газар очиж газар ухаж, шороо угаан, алт олборлодог болсон гэх сургаар ойролцоох айл саахалтынхан нь нүүцгээж эхэлжээ. Өөрөөр амьдрах ямар сонголтгүй тэднийх ч бас бусдыг даган нүүж, Буйлсанд очив.

Үнэхээр л хөлтөй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ирээ юү гэмээр энд тэндгүй буусан айл, майхан дуганцаг, машин тэрэг газар сайгүй. Эмх замбараагүй газар нүхэлж байгаа хүмүүсийг хараад энэ сайхан нутаг сүйтгэгдэж дуусах нь дээ гэж харамсах сэтгэл төрж байсан хэдий ч амьдралаа залгуулахын эрхээр өөрийн эрхгүй дунд нь уусан орж, нэг л мэдэхэд нинжа хэмээх нэр хочийг зүүн, нөгөө л байгаль орчинг сүйтгэдэг, нийгмийн хариуцлагагүйчүүдийн нэгэн болсон байлаа.

Бага багахан ч гэлээ өдөр тутам олж буй үртсийн чинээхэн олзондоо урамшин, басхүү амьдрахын тулд ямар их эрсдэл дунд эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж яваа вэ? Ахиухан олз олох гэсэн зарим нэгэн нь шороонд дарагдаж эрдэнэт амиа алдах, архидан согтуурах үзэгдэл өдөр тутмын хэвийн хэвшил болж, хоног өнгөрөх бүрт таних танихгүй хүмүүс олшрон, ёстой л эмх замбараагүй байдал үүсэв. “Монгол хүний нөгөө жудаг сайтай мөс чанар хаачив, хэлж ярьж байгаа үг хэллэг, гаргаж буй зан авир ямар их өөрчлөгдөж байна вэ?” гэж бодож байснаа тэр дурсан шогширно.

Нэг л болохгүй байна, буруу байна гэж мэдэж байсан ч яах учраа олохгүй тэр л олон түмэн дундаа бужигнан, хамтдаа л явж байсан нь үнэн. Одоо эргэн санахад, хүний эрх тэнд яасан их зөрчигдөж байсан юм бэ гэсэн сэхээрэлт түрэгдэж, өнөө хэр бодож шаналсаар л явдаг ажээ.

Нэгдэж хамтарч ажиллах, зохион байгуулалтанд орох, элдэв эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах тухай мэдлэг, мэдээлэлгүйн улмаас эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ их олон хүн хохирч байсан явдал зөвхөн Буйлсангийн түүх биш. Нинжа нар цугласан газар бүрт нөхцөл байдал тийм л байсан. “Тэр бүхний нэгэн амьд түүх бол би өөрөө...” гэж хэлээд Д.Нэргүй аньсага чийгтүүлэн байна. Эрүүл мэндээ хайхралгүй, хүнд хүчрийг үүрч дүүрэн явснаасаа болоод тэр одоо амьсгалын замын цочмог өвчлөлтэй болж, өмнөх шигээ ажиллаж хөдөлмөрлөж чадахгүй эмчийн хяналтанд байнга байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хувирчээ.

Бичил уурхайчин болсноор миний амьдрал эерэгээр өөрчлөгдсөн

2008 онд, “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр “Баянбөмбөгөр” ТББ анх үүсгэн байгуулагдахад тэр Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, одоо болтол хамт олныхоо сонголтоор энэ үүрэгт ажлыг хийсээр байна. Улмаар бид ТББ-ын гишүүдээ нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулсан. Хүн бүхэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдан, өөрсдийнхөө төлөө баг хамт олон болж, хувьсан өөрчлөгдөж чадсан маань бидний ажил, амжилтын нэгэн түүх юм.

“Ийм сайхан хамт олонтой болсондоо үргэлж баяртай байдаг” гэж Д.Нэргүй ярьдаг. Жаргал, зовлонгийн аль алинд бид бие биентэйгээ үргэлж хамт байж, итгэл сэтгэлээ хуваалцахыг эрмэлздэг. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Д.Нэргүйн маань хань 2013 онд өвчний улмаас насан өөд болж, хоёр жаахан охиныхоо хамт тэр торойтол хоцорсон юм. Өөрөө ч бие нь барагтай үлдсэн. Гэсэн хэдий ч өвчиндөө дарамтлуулан амьдралын өмнө сөхрөх эрх түүнд байгаагүй. Өнчирсөн хэдэн үрсийнхээ төлөө одоо болтол хөдөлмөрлөсөөр л байна.

Хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгох гэж хөөцөлдөн, цаг заваа барж нааш цааш явах зардлаас эхлээд чадал муутай бүсгүйд бүх юмыг болгох гэдэг бас л хүндхэн. Бэлэвсэрч ганцаардсан эмэгтэйд амьдрал давчуу санагдан, болж бүтэх юмгүй бүдчиж явахад хүний эрх, хүний эрхэд суурилсан хандлагын талаарх сургалтанд хамрагдан олж сонссон иргэний эрхийн тухай мэдлэг нь тус болж, шүүхэд хандан байж хүүхдүүдийнхээ тэтгэмжийг тогтоолгож байжээ. Энэ тэтгэмжийг тогтоолгон, авдаг болсноор өрх гэрийнх нь ахуйн хэрэгцээ, үр хүүхдүүдийнх нь сурч боловсроход багагүй дэм нэмэр болсон нь дамжиггүй.

Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг эмэгтэйчүүд ТББ-ын гишүүдийн эгнээнд нэгдэж, хариуцлагатай бичил уурхайчид болсноор ажил, амьдралд нь олон зүйл эерэгээр өөрчлөгдөж байна. Манай “Баянбөмбөгөр” ТББ дундын хадгаламжийн гурван ч хуримтлалын бүлэгтэй болсны нэг “Чандмань-эрдэнэ” бүлгийн нарийн бичгийн даргын ажлыг Д.Нэргүй эрхэлдэг. Тус хадгаламжийн бүлгийн үйл ажиллагаанд гишүүд маань бүрэн хамрагдаж, Швейцарийн хөгжлийн агентлаг болон Дэлхийн зөн байгууллагын хамтран зарласан төслийн уралдаанд амжилт үзүүлэн, тус бүр таван сая төгрөгийн санхүүжилтээр гурван ч төсөл хэрэгжүүлснээс гадна “Уран гар” оёдлын төслөө үр дүнтэй хэрэгжүүлсэн юм. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр гишүүдээ тогтвортой ажлын байраар хангаж, айл өрхүүддээ нэмэлт орлого бий болгож цөөнгүй өрх ядуурлаас гарах боломж бүрдсэн. Гишүүд маань ч багаар ажиллах чадварыг эзэмшиж, үр шимийг нь олон хүн шууд болон шууд бус хэлбэрээр хүртэж байгаа нь эвлэлдэн нэгдэж, эрхээ шаардан, хамгаалж сурсны ач тус юм.

“Энэ бүхэн ганцхан миний сайных биш...” хэмээн Д.Нэргүй даруухнаар өгүүлж сууна. “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос гишүүд биднийг төрөл бүрийн сургалтанд хамруулж, оюуны асар их хөрөнгө оруулалт хийж буйн хүчинд эрхээ мэддэг, шаарддаг болж байгаа шүү дээ. Одоо бодоход, бид эрхээ мэдэхгүйн улмаас яасан их хохирч байсан юм бэ гэж боддогоо тэр нуугаагүй. Нинжагийн амьдралаас салж, ТББ-ын гишүүн болоод, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхээ баталгаажуулан, тогтвортой ажлын байртай байх, байгаль орчиндоо сөрөг үр дагаваргүй хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, орон нутгийн болон үндэсний түвшинд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалахад өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэн нягтарч, орон нутагтаа хувь нэмрээ оруулж чадаж байгаа маань бичил уурхайчид бидний олон жилийн хичээл зүтгэлийн бодит үр дүн юм гэж тэр бахархан ярьдгийг энд онцлохыг хүсч байна.

Туулсан зам, өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодоход маш олон зүйлийг бид ардаа орхижээ. Чамлахааргүй урагшилж, ахин дэвшиж чадсан байна. Бичил уурхайчдын нэгдэл тодорхой хэмжээнд эрх мэдлийг олж, орон нутгийнхаа шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшний үйл явцад төлөөллөө оролцуулж байна. Төрийн болон бусад байгууллагуудад хүний эрхэд суурилсан хандлагыг үйл ажиллагаандаа тусгах, жендерийн мэдрэмжтэйгээр хамтран ажиллахыг уриалж чадаж байгаа маань бичил уурхайчид бидний цаашдын хөгжлийн хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Бичил уурхайчдын сайн туршлага номноос

Сэтгэгдэлүүд