Бичил уурхайн жишиг
2017-10-09

Дөрвөн зүг, найман зовхист хараа бэлчээхэд тэртээд хэдэн гэр үзэгдэнэ. Малчид зуслангаасаа буугаагүй байгаа юм болов уу гэж бодож байтал хөнгөн тэрэг тэртээх гэрийг чиглэн хурдаллаа. Бидний зорьж яваа газар энэ аж. Суурин газар өссөн надад бидний нэрлэж заншсанаар “нинжа” гэх нэршил чихэнд хоногшсон ч ашигт малтмал яаж олборлодог талаар төсөөлөл үнэндээ сэтгэлд буугаагүй байсан юм. Монгол оронд ардчиллын салхи сэвэлзэж, орж ирснээс хойш ердөө 10-хан жилийн дараа уул уурхай цэцэглэн хөгжиж өнөөдөртөө золгожээ. Товчхондоо, бид бичил уурхайчидтай танилцаад 20 орчим жил болж байна. Өнгөрсөн хугацаанд уул уурхайтай хувь заяагаа холбосон олон хүний аж амьдрал дээшилсэн бас дордсон. Онгон дагшин байгаль сүйдэж, ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо, хатаж ширгэсэн булаг шанд, улаанаараа эргэлдсэн гол горхи гээд харахад нүд халтирч, өр өвдөм дүр зураг уул уурхай цэцэглэсний дүнд бий болжээ. Аливаа зүйл хөгжлийнхөө шатанд унаж, босч байж амжилттай болдог жишгээр манай уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол хариуцлагатай болжээ. Үүнийг дагаад бичил уурхайчид ч байгаль орчноо нөхөн сэргээх, хэвэнд нь оруулахын тулд хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлсний жишээг Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут суманд ажиллахдаа харлаа.

 

Улсын хэмжээнд 6,000 гаруй зохион байгуулалтанд орсон бичил уурхайчин байдаг гэх тоо бий. Үүнээс Баянхонгор аймагт 11 ТББ, 88 нөхөрлөлийн 900 орчим бичил уурхайчин байгааг холбогдох албаныхан хэлсэн. Мал сүргийнхээ ихэнхийг 1999-2000 оны зуданд алдаж, зах зээлийн ороо бусгаа үед ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн 10 орчим мянган хүн гэр бүлээ тэжээхийн тулд ашигт малтмал алт олборлохоор зориг шулууджээ. Тэдний төлөөлөл бичил уурхайчин Даваа юм. Тэрээр “Мал дагаж 10 гаруй жил сумандаа амьдарсан. Тээр жилийн зуднаар хамаг малаа алдаж, амьдрахын эрхэнд “нинжа” болсон. Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлээд 16 жил болжээ. Энэ хооронд хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч болоод л байна. Хүүхдүүдээ сургууль соёл төгсгөсөн. Өмнө нь бид уул уурхайн компаниудын эзэмшлийн талбайгаас зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, хөөгдөж туугдаж байсан. Одоо нөхөрлөл болж, нэгдээд хүнээс айх зүйлгүйгээр хамтдаа хөдөлмөрлөж байна” хэмээн бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Бичил уурхайчид Баянхонгор аймгийн таван сумыг хамрах нэлээдгүй талбайг сүйтгэсэн учир хууль журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, ил тод хариуцлагатайгаар алт олборлуулах чиглэлд ажиллуулахаар Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж эхэлсэн нь үр дүнгээ өгчээ. Тус аймгийн Галуут суманд “Батсайхан сэтгэл” ТББ өнгөрсөн гурван жилд 20 орчим га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Тухайлбал, энэ жил 5.2 га газарт нөхөн сэргээлт хийжээ. Тэнд 50 гаруй нүх байсныг шороогоор дүүргэн тэгшилж, үржил шимт хөрсөөр хучиж, тухайн газарт нутагт ургадаг ургамлуудыг суулгасан байна. Нэг ёсондоо тухайн хөрсөнд ургаж байсан үрийг нь суулгасан. Нэг га газрыг бичил уурхайчид 5-6 сая төгрөгөөр нөхөж сэргээжээ. Техник ашиглахгүйгээр гар аргаар нөхөн сэргээхэд уг өртөг хамгийн хямд. Нөхөн сэргээлт хийсэн газруудад айлууд зусдаг болсон нь газрын хөрс бүрэн эрүүлжсэнийг илтгэх биз ээ. Тиймээс ч нөхөн сэргээлт хийсэн газар дахин олборлолт хийхийг хориглож байгаа аж.

"ХАМО" ТББ нь 2012 оноос эхлэн “Спешл майнз” компанийн олборлолтын талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар Баян-Овоо сумыг оролцуулан гурвалсан гэрээ байгуулжээ. Эднийх дотроо 40 нөхөрлөлтэй. Нэг нөхөрлөл 8-10 гишүүнтэй. Уртаашаа гурав орчим км үргэлжлэх 30 га газарт 12 цооногоос ашигт малтмал олборлож байна. Тэд 40-80 метрийн гүнээс хүдрээ гаргаж авч байгаа аж.

Тэд Монголбанкинд алтаа тушаадаг

Баянхонгор аймгийн Цагаан цахиртын уурхайд бичил уурхай эрхэлж буй нутгийн 300 орчим иргэн яг одоо байна. Тэд “Тогтвортой бичил уурхай” төслийн үр өгөөжийг орон нутгийн иргэд илүү хүртэж байгааг ам уралдан ярина. Швейцарийн хөгжлийн агентлаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран 2005 оноос хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо эрс буурч эхэлснийг холбогдох албаныхан хэлж байна.

Хувиараа ашигт малтмал олборлохыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр 2015 онд Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-ноос Ази тивд анх удаа “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авчээ. Уг гэрчилгээг авахын тулд алт олборлох явцдаа мөнгөн ус, цианит ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох 200 гаруй стандарт шалгуурыг хангах ёстой байдаг аж. Үүнийг дэлхий дахинд “эко алт” гэж өргөмжилдөг байна. Тэд олборлосон алтаа олон улсын зах зээл дээр өндөр үнээр худалдаж байгаа юм.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газартай хамтарч Баян-Овоо “Хонгорын хүдэр” нэртэй хүдэр баяжуулах цехийг байгуулж байжээ. Тус цех бичил уурхайчдын олборлосон хүдрийг тээрэмдэж, химийн хольцгүй эко алт гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Хүдэр баяжуулах цех нэг тонн хүдрийг 150-200 мянган төгрөгөөр баяжуулдаг. Энэ цехэд Өвөрхангай, Архангай, Завхан, Увс, Говь-Алтайд бичил уурхайчид хүдрээ өгч баяжуулдаг болсоор хэдэн оныг үджээ.

Баянхонгор аймаг 20 сумтайгаас Бөмбөгөр, Шинэ-Жинст, Баян-Овоо, Жаргалант, Галуут суманд бичил уурхайчид ашигт малтмал олборлодог байна. Нийт аймгийн хэмжээнд 701 га газар уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн байна. Үүний 300 га талбайг нөхөн сэргээгээд байгаагаас Галуут суманд 20 гаруй га газрыг "Батсайхан сэтгэл" ТББ-ын бичил уурхайчид нөхөн сэргээжээ. Баянхонгорчууд 2020 он хүртэл эвдэрсэн газаргүй аймаг болох зорилттой ажиллаж байна. Нийт 400 га газрыг нөхөн сэргээхэд хоёр тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа юм байна. 2019 оноос хойш Баянхонгор аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эсвэл өөрийн эзэмшлийн талбайд л бичил уурхайчид үйл ажиллагаа явуулах аж. Нэгдсэн зохион байгуулалтад ороогүй ашигт малтмал олборлодог байсан ХАМО иргэд эмх цэгцэнд орж баялгаа аваад эргээд нөхөн сэргээн хөгжиж буй дүр зураг жил ирэх тусам улам бүр тодорч байна.

Сэтгэгдэлүүд