Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт Үндэсний чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав. Чуулганыг зохион байгуулагчид бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах талаар хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох талуудад хандаж санал, зөвлөмж гаргалаа.
Тус чуулганд УУХҮЯ, ЭМЯ, ХНХЯ, БОАЖЯ, ХЭҮК, АМГТГ, ГБХЗХГ, ХХҮЕГ зэрэг агентлагууд, бичил уурхай бүхий аймаг, сумд болон Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүргийн удирдлагууд, холбогдох албан тушаалтан, бичил уурхайчид, Монголын бичил уурхай нэгдсэн дээвэр холбоо, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцлоо.
“Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт Үндэсний чуулганд оролцогчид:
Хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх талаар холбогдох яамд, агентлагууд аймаг, сумдын нутгийн захиргааны байгууллага, ТБУТөсөл, МБУНДХолбоо, Бичил уурхайн ТББ, нөхөрлөл, бичил уурхайчдаас гаргажбуй хүчин чармайлтыг үнэлж,
Хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх явцад Бичил уурхайчдыг зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэх, байгаль орчинд ээлтэй олборлолт, нөхөн сэргээлт хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, олон нийтийн хандлага, хамтын ажиллагаа зэрэгт гарсанзарим ахиц, ололт гарч байгааг сайшааж,
Хариуцлагатай бичил уурхайнэрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах; бичил уурхайчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх; нийгмийн халамж, хамгааллыг сайжруулах орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх, хууль бус олборлолтыг зохицуулах, бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалыг худалдан борлуулах албан ёсны бүтцийг бий болгох, бичил уурхайчдыг бүртгэлжүүлэн албажуулах зэрэг нь Хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх тулгамдсан асуудал болохыг тэмдэглэж,
Хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, бичил уурхайн эдийн засгийн үр өгөөжийг тодорхойлох, олон нийтэд сурталчлан ойлгуулах, албан ёсоор мэдээлдэг тогтолцоог бий болгоход төрийн төв болон орон нутгийн байгууллагууд, бичил уурхайчдын ТББ-ууд, нөхөрлөл, МБУНДХ, ТБУТ, хэвлэл мэдээллийнбайгууллага, бичил уурхайчдын оролцоо чухал гэдгийг хүлээн зөвшөөрч,
Үндэсний чуулганд оролцогчид бид хэлэлцсэн асуудлууд, чуулганаас гарсан зөвлөмжийг нийтэд түгээх, улмаар хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх талаар оролцогч бүр идэвх санаачлагатай ажиллах шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг та бүхнээс уриалж байна.
Цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын анхаарал, идэвхтэй оролцоог хангах зорилгоор доорх зөвлөмжийг гаргаж байна.
- Бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах
- Бичил уурхай эрхлэгчдэд зориулсан сургалт сурталчилгааг эрчимжүүлэх замаар бичил уурхай эрхлэгчдийг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх
- Нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар бичил уурхайчдын нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
- Олборлосон эрдэс баялгийг худалдан борлуулах сүлжээг албажуулах, бичил уурхайчдын эдийн засгийн боломжийг дээшлүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан осол авааргүй, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх,
Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэхээс гадна бүх шатны төрийн байгууллагууд хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг бичил уурхайчдад хүргэх, бичил уурхайчид хууль, тотоомжийн хүрээнд хүлээсэн эрх үүргээ биелүүлж оролцох нь нэн чухал гэдгийг цохон тэмдэглэж байна.