Бичил уурхайчдын эдийн засагт оруулж буй хувь нэмэр
2017-08-21

1992 онд батлагдсан анхны алт хөтөлбөр тухайн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зохих хувь нэмрээ оруулсан. Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд “Алт-II” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, олборлох алтны хэмжээг жил тутам 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэх боломжтойгоос гадна ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулна хэмээн үзэж байна.

“Алт-II” хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд бичил уурхайчдын олборлосон алтны нийлүүлэлт тодорхой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байгаа.

Монголд дор хаяж 60 гаруй мянган хүн албан бусаар болон бичил уурхайгаар ашигт малтмал олборлодог гэсэн албан бус тоо бий. Хэрэв бичил уурхайгаар олборлосон бүх алтыг Монголбанк албан ёсоор худалдаж авч чадвал Монгол Улсын Эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой юм. Гэвч бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт худалдан авах механизм, тогтолцоо хараахан бүрдээгүй байна.

Олборлосон алтны гарал үүсэл нь тодорхой, ашигт малтмалын нөөц ашигласны татвар (AМНАТ) болон хүн амын орлогын албан татвар (ХАОАТ) төлсөн тохиолдолд алтны нийүүлэлтийн сүлжээг албажсан байна гэж дэлхийн жишигт үздэг.

Манай орны хувьд нийлүүлэлтийн сүлжээний талаар хэд хэдэн тулгамдсан асуудал бий. Иргэд олборлосон алтаа албан ёсоор Монголбанкинд борлуулахад дор хаяж 2-3 хоног шаардагдах төдийгүй хот руу явах нь зардал ихтэйгээс гадна эрсдэлтэй. Харин орон нутагт дундын алт худалдан авагчид худалдахад тавхан минут зарцуулна.

Бичил уурхай эрхлэгчдийн олонх нь алтны зах зээлийн албан ханш ямар байгаа талаар мэдээлэл хомс учраас зах зээлийн үнээс доогуур үнээр ченжүүдэд зардаг бол зарим нь буруу ташаа ойлголттой байдаг. Тухайлбал, Төв банкинд алт тушаахад 10 хувийн ХАОАТ төлдөг учир ямар ч ашиггүй гэсэн мэдээллийг ченжүүд тараадаг.

Албан бусаар алт олборлож байгаа иргэд албан ёсны олборлолт явуулах газаргүйгээс олборлосон алтны гарал үүсэл нь тодорхой биш, ХАОАТ төлөх систем ойлгомжгүй байгаа зэрэг нь алтаа албан зах зээлд борлуулахад саад болж байна.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Монголбанкинд алт тушаахад бичил уурхайчид алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил 2.5 хувийн АМНАТ төлж байна. Монголбанкаар дамжуулан алтаа экспортолж болох ч бичил уурхайчид олон улсын зах зээлд гарахад хүндрэл бэрхшээл байсаар байна. Иймд одоогийн нөхцөлд ченжүүд буюу дундын худалдаачдад алтаа борлуулах нь бичил уурхайчдын хувьд хамгийн дөт зам арга зам гэж үздэг байна. Ченжийн гараар дамжсан алтны хэдэн хувь нь Төв банкинд, хэдэн хувь нь албан бус зах зээлд борлогдож байгааг тогтоох бололцоогүй байдаг.

Тогтвортой бичил уурхай төслийн 4-р үе шатны хэрэгжилтийн хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтыг орон нутагт худалдаж авах нэг цэгийн үйлчилгээ байгуулах, бичил уурхайгаар олборлосон алтны гарал үүслийг тодорхой болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, татварын таатай орчныг бүрдүүлэхэд холбогдох талуудад дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Сэтгэгдэлүүд