Баянхонгор аймагт Уул уурхайн зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө
2017-04-18

Баянхонгор аймгийн уул уурхайн зөвлөгөөн энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гадна бичил уурхайн байгууллагуудын төлөөлөл, бичил уурхайчид оролцсоноороо онцлог байлаа. Уг зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Баянхонгор аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч , хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөлөл, бичил уурхайн ТББ болон бичил уурхай эрхлэгчид оролцсон.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт нэртэй газар гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг “ХАМОДХ” ТББ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар “Шудрага олборлолтын системд нэгдсэн нь ба орон нутагт оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.

Аймаг орон нутгийн зүгээс ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй бичил уурхайн нөхөрлөлүүдийг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу гурвалсан гэрээ байгуулан ажиллах замаар бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах бодлогыг баримтлан анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Засаг дарга Г.Батжаргал хэлэхдээ: "Уул уурхайгаас Баянхонгорт орж ирсэн төгрөг бүр шинэ үйлдвэр, байнгын ажлын байр болох ёстой. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа GIZ болон Тогтвортой бичил уурхай төсөлд талархаж байгаагаа илэрхийлье. Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “АЛТ хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч, улсын төсвийн орлого болон гадаад вальютын нөөц нэмэгдэж, тухайн үеийн эдийн засгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмрийг оруулсан.Үндэсний статистикийн хорооны 2015 оны 10 дугаар сарын мэдээгээр алтны үйлдвэрлэл ДНБ-ы 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулж байна. Хэдийгээр алт олборлолт манай улсын эдийн засагт нэг талаас эерэг нөлөө үзүүлсэн боловч нөгөө талаас далд эдийн засаг бий болгох, байгаль орчныг бохирдуулах, нөхөн сэргээлтийг хангалтгүй хийх, хууль бусаар алт олборлох зэрэг тулгамдсан асуудал бий болсон." 

Сэтгэгдэлүүд