Алт нийлүүлэлтийн сүлжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
2017-08-21

"Хүний эрхийн төлөө-сэтгүүлчид” клубын үйл ажиллагааг 2017 оноос эхлэн манай төсөл дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтад Монголбанкны Зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтансүх "Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд Монгол банкны оролцоо”, Татварын Ерөнхий Газрын УТОХГ-ын эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн дарга Д.Баяраа "Татварын тухай ойлголт, ач холбогдол”, Үнэт металлын Сорьцын хяналтын газрын дарга Б.Бэхбат "Бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд Үнэт металын сорьцын газрын оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Монголбанк иргэн, аж ахуй нэгжийн худалдах гэж буй алтнаас 2.5 хувь, худалдан борлуулсан орлогоос 5 хувийн татварыг суутгадаг бөгөөд иргэний үнэмлэх, аж ахуй нэгжийн гэрчилгээнээс өөр ямар нэгэн бичиг баримт шаарддаггүй болсон. Түүнчлэн худалдан авах алтны үнийг нэмэгдүүлж, тухайн өдрийн Лондонгийн бирж дээрх алтны ханшаар тооцон авдаг болсон нь худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол шалтгаан болсон байна.

Цаашид Монголбанк, Үнэт металл сорьцын хяналтын газаророн нутагт алт худалдан авах цэг байгуулахаар ажиллаж байна. Орон нутагт алт худалдан авах цэг байгуулснаар иргэн, аж ахуй нэгжид Монгол банкны үйлчилгээ ойртож, ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуй нэгжүүд олборлосон алтаа ченжүүдээр дамжуулалгүйгээр дэлхийн зах зээлийн үнээр худалдан борлуулах боломж бүрдэнэ хэмээн Монгол банкны Зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтансүх мэдээлсэн юм.

Татварын Ерөнхий Газрын эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн дарга Д.Баяраа хувь хүний болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ, Монгол улсын татвараар бүрдүүлж буй орлого, түүний ач холбогдол, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар мэдээлэл хийж, клубын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Сэтгэгдэлүүд