planetGOLD төсөл, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ) хамтран “Бичил уурхайн бизнесийн менежмент” ба “Магадлан шинжилгээ КРАФТ стандарт” сэдэвт чадавхжуулах багц сургалтыг 12-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургалтад Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймгийн алтны бичил уурхайчид оролцож байна.
“Бичил уурхайн бизнесийн менежмент” сэдэвт сургалт нь бичил уурхайг бизнес талаас нь төлөвшүүлж, мэргэшүүлэн, бизнесийн төлөвлөлт, бүртгэл, тооцоолол хийж суралцах, улмаар бичил уурхайн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татах мэдлэг мэдээллийг олгох зорилготой юм.
“Магадлан шинжилгээний КРАФТ стандарт” сургалт нь бичил уурхайн алтны магадлан шинжилгээний ач холбогдол, КРАФТ стандартын хэрэгцээ шаардлага, давуу тал, алтны гарал үүслийн бүртгэл хөтлөлт, олон улсын зах зээлийн шаардлагад нийцүүлэн ажиллахын ач холбогдлын талаар таниулах юм.
planetGOLD төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хэрэгжүүлж, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран гүйцэтгэж байна.
*****