planetGOLD Монгол-Филиппин төслийн хэрэгжүүлэгчид болох НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яам, тус улсын Камаринес Норт мужийн захиргаа, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ), planetGOLD Филиппин төслийн төлөөлөл Монголбанканд зочилж Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөлтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Монголбанкны ахлах эдийн засагч Т.Тэлмэн Монголбанкны үнэт металл худалдан авах үйл ажиллагааны талаар танилцууллаа. Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа planetGOLD Монгол төсөлтэй үр дүнтэй хамтран ажиллаж буй талаар онцлон дурдаад Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Магадлан шинжилгээний удирдамжийг мөрдөж ажиллахад талуудын хамтын ажиллагаа тун чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн “Алтны бичил уурхайгаас олборлосон алтыг дотоодын төв банк худалдан авах хөтөлбөр”-ийг зохион байгуулж, албажуулах үйл ажиллагааны баримт бичиг болох “Лондонгийн Зарчим”-д Монголбанк гарын үсэг зурж, нэгдсэн нь бичил уурхайн салбарыг дэмжих, тус салбараас нийлүүлж буй алтны гарал үүслийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлагатай алт олборлох чиглэлд дэмжин ажиллах бодлого барьж буйн илэрхийлэл хэмээн тодотгов.
СЗХ-ны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа өнгөрсөн гурван жилд planetGOLD Монгол төсөлтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, нэлээдгүй ололт дагуулсан талаар онцолж, “Монголын үнэт металл, үнэт эдлэлийн нэгдсэн форум, экспо”-г гурван жил дарааллан хамтран зохион байгуулж, төрийн болон төрийн бус 19 байгууллагын хамтын ажиллагааг батжуулж, олон нийтэд салбарын талаарх мэдээлэл түгээсэн чухал арга хэмжээ болсныг тодотгов. Мөн тэрээр төсөл хэрэгжих үлдсэн хугацаанд алт арилжаалагчдад чиглэсэн зарим арга хэмжээ зохион байгуулахад төслийн дэмжлэг чухал болохыг дурдлаа.
Мөн уулзалтаар талууд Монголын бичил уурхайн салбарын хэтийн төлөв, сорьц тогтоох үйл ажиллагаа, алт арилжаалагчдын үйл ажиллагаан дахь хяналт, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмж зэрэг асуудлуудын хүрээнд харилцан санал солилцож, мэдээлэл авлаа.
Цаашид бичил уурхайн хариуцлагатай олборлолтыг дэмжих, бичил уурхайн салбараас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг бууруулах, алтны гарал үүслийн ил тод байдлыг хангах нөхцөл боломжийг бий болгоход хамтын ажиллагаагаа чиглүүлэх дээр талууд санал нэгдлээ.