Аймгийн хэмжээнд 7 сум 1 тосгоны 30 гаруй нөхөрлөл, 300 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогчид байдаг ба Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" батлагдсанаар тэдний эрх зүйн орчин бүрдсэн. Эдгээр иргэдийн ард олон айл өрхийн асуудал хөндөгддөг тул аймаг орон нутгаас хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлж, хөөж туухын оронд тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль дэлхийгээ ухаж биш, жижиг дунд бизнес эрхлэх замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжоор хангах бодлого барин ажиллаж байна.
Тиймээс аймгийн Засаг даргын 2018.10.10-ны өдрийн А/331 тоот захирамжаар аймгийн бичил уурхайн зөвлөл байгуулагдсан бөгөөд зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Тус зөвлөл нь бичил уурхайн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах, албажуулах, бичил уурхай эрхлэгчдийг тогтвортой ажлын байраар хангах, жижиг дунд бизнес эрхлэх замаар орлогын 2 дах эх үүсвэрийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах мөн тэдний оролцоотойгоор газрын хэвлийг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зорилгоор байгуулагджээ.Дэд зөвлөл нь 19 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Нарийн бичгээр ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Мөнхжаргал нар ажиллаж байна.
Хуралдаанаар дэд зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцүүлэх, Хэнтий аймаг дахь бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулах, гишүүдийн үүрэг оролцоог тодорхойлох, Швеацарийн хөгжлийн агентлагийн ТБУТөсөлтэй 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд санал авах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Дараагийн хурлыг 11 дүгээр сардаа багтаан 8 сумын Засаг дарга, шаардлагатай мэргэжилтнүүдийг оролцуулж өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар товлолоо.