Дундговь аймгийн Гурвансайхан сумын бичил уурхай эрхлэгчид эрхзүйн сургалтад хамрагдлаа
2018-12-11

Дундговь аймгийн бичил уурхайн зөвлөл Гурвансайхан сумын бичил уурхай эрхлэгчид болон төрийн албан хаагчдад бичил уурхайн эрхзүйн сургалт сурталчилгаа явуулахаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар батлуулж, зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг 2018 оны 12 сарын 11-13-ны өдрүүдэд Гурвансайхан суманд ажиллалаа.

Бичил уурхай эрхлэгчид болон төрийн албан хаагчдад эрх зүйн сургалт явуулахын өмнө бичил уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулалтад орж, газраа хуваарилан авсан бичил уурхайчдын талбай дээр очиж, газар дээр нь холбогдох заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Эрхзүйн сургалтад Гурвансайхан сумын төрийн албан хаагчид, бичил уурхай эрхлэгчид, “Сайханы жонш”, “Манхны хишиг”, “Олдохын гэгээ”, “Элгэн цагаан нуур”, “Их хүлэгү хаан”, “Чин баян дун”, “Алтат хонгор”, “Дүүрэн хишиг аривжих”, “Хайрхан”, “Морьт арвин”, “Аривжих наран дэвшил” зэрэг нийт 16 нөхөрлөлийн гишүүд, сумын төрийн албан хаагчид, удирдлагууд нийлсэн 145 хүн хамрагдлаа. Үүний 57 эмэгтэй, 88 эрэгтэй оролцогч байсан байна. Сургалтад нийтдээ 14 төрийн албан хаагч хамрагдлаа.

Сургалтын гол үр дүн нь 2018 онд АМГТГ-аас шинээр бичил уурхайн зориулалтаар ашиглах дүгнэлт гарсан Баян тээг, Баян тээг-2 нэртэй талбайд бичил уурхай үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байгаа энэ үед салбар бүрийг хамарсан бичил уурхайд чиглэсэн багц сургалт явуулсан явдал юм.

Мөн дээр нь бичил уурхайн шинэ журам, бичил уурхай эрхлэгчдэд нэн хэрэгцээ шаардлагатай, хүлээлттэй байсан эрх зүйн сургалт, уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн талаарх ойлголтууд зэрэг нь оролцогчдын хүлээлт, хүсэлттэй нийцэж байсан талаар бичил уурхай эрхлэгчид санал бодлоо солилцож байлаа.

Сургалтын төгсгөлд  бичил уурхай эрхлэхээр зохион байгуулалтад орж нэгдсэн 10 нөхөрлөлийн ахлагчдад Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас хэрэгсэл буюу толгойн зориулалтын хамгаалах хэрэгсэл /каск/, шороо, тоосноос амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл, зориулалтын шүүгч бүхий амны хаалт /маск/ зэргийг гардуулан өглөө.

Сэтгэгдэлүүд