Хэнтий аймгийн бичил уурхайчид голдуу жонш олборлоог. Олборлож буй жонш нь 85-92 хувийн агуулагтай. Харин агуулгаасаа шалтгаалж нэг тонн жоншоо 250-350 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Батноров, Норовлин суманд ажиллаж буй бичил уурхайчид баяжуулах үйлдвэр нэн тэргүүнд шаардлагатай байгаагаа илэрхийлж байна. Учир нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрт өгдөг. Ингэж алс хол зөөхөд тээврийн зардал өндөр, бага агуулагтай хүдрээ борлуулах боломжгүй хурааж буй аж. Боломжийн хүчин чадалтай жижиг цех байгуулахад 200 орчим сая төгрөг хэрэгтэй юм. Нөгөө талаар жоншны баяжмалаа борлуулах сүлжээ байгуулах шаардлага ч тулгарч байна. Баяжуулах үйлдвэргүй, борлуулах сүлжээгүй тул бичил уурхайчид олборлосон жоншоо дэлхийн зах зээлийнхээс гурав дахин бага үнээр борлуулдаг гэнэ. Одоогоор жонш борлуулах сүлжээг хэрхэн байгуулах талаар судалгаа хийж буй аж.
Албажсан бичил уурхайчид өндөөр ашигласан талбайгаа нөхөн сэргээхэд зориулж жилд дунджаар 2 сая төгрөгийг тусгай санд төвлөрүүлж байна. Иймд нөхөн сэргээлт хийхэд санхүүгийн хүндрэлгүй болжээ.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд бичил уурхайчдыг бага оворын техник хэрэгсэл ашиглахыг зөвшөөрсөн. Тухайлбал, 500 шоо метр хүртлэх багтаамжийн шанагтай жижиг эксковатор ашиглаж буй. Мөн мэргэжлийн компаниар тэсэлгээ хийлгэх эрх нээгдсэн. Эдгээр нь аюулгүй ажиллах нөхцөл бололцоог ханган өгсөн гэж хэлж болно. Учир нь цоонглож ухах нь нурах аюултай, өөрсдөө тэсэлгээ хийх нь осол гаргах нэг үндэс болж байв. Нөгөө талаар хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг бас хангаж өгсөн гэж хэлж болно.
Г.Тайванжаргал: Бичил уурхайчид албажсанаар ажиллах нөхцөл, татвар төлөлт, нийгмийн хариуцлага нь дээшилсэн
Хэнтий аймаг 1995 он хүртэл Монгол Улсын экспортолж буй жоншны 75 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн түүхтэй. Бэрхийн уурхай 1985 онд нээгдсэн. Олборлсон жоншоо Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр рүү зөөж боловсруулдаг байж. Энэ уурхайг олон жил ашигласан тул гүний ус гарч уурхайчид ажиллах боломжгүй болжээ. Усыг нь шахаж гаргах зардал өндөр тул бичил уурхайчид өөрсдийн хөрөнгөөр хийж чадахгүй байна. Учир нь орлогоос давсан зардал гарах тооцоо бий. Хэрэв уурхайн гүний усыг шахан авбал 6-5 жил ашиглах нөөц бий хэмээсэн. Нөгөө талаар уурхайн гүний усыг ашиглаж хиймэл нуур үүсгэх боломж бүрэн бий аж. Тухайлбал, тэсэлгээ хийх гэж байгаад осолдож амь насаа алдах, гар, хөлөө тайруулах явдал гардаг байжээ. Одоо Бэрхийн уурхайд тэсэлгээ хийх албан ёсны эрхтэй мэргэжлийн компани үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд буй юм.
Батноров сумын засга дарга Г.Тайванжаргал “Манай суманд ажиллаж буй бичил уурхайчид жонш олборлодог. Бичил уурхайчдад тулгамдаж буй асуудал их бий. Жишээ нь Бэрхийн уурхайн гүний усны асуудал байна. Бид Бичил уурхайчдийн улсын зөвлөгөөнд оролцож тулгамдсан асуудлаа ярьж байсан. Мөн Бичил уурхай эрхлэгчдийг зохицуулах 308 дугаар журам бол алт олборлогчдод чиглэсэн байсан. Энэ журам 2017 онд шинэчлэгдсэн. Бичил уурхайчид тулгамдсан асуудлаа Монголын бичил уурхайчдын дээвэр холбоондоо тавьж ирсэн. Ингээд шинэчлэгдсэн журамд нааштай асуудал нэлээд гарсан. Тухайлбал, бичил уурхайчдыг албажуулах, нэг нөхөрлөлд 3500 хүртлэх хөдөлгүүртэй эксватор 2-оос илүүгүй ашиглаж болно гэсэн. Мөн бичил уурхайчдыг улсын бүртгэлд бүртгэж тамга тэмдэгтэй болгосон. Ингэснээр татвар төлөлт, нийгмийн хариуцлага нь дээшилсэн“ хэмээн ярьлаа.
Бэрхийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Сүлд” бичил уурхайчдын нөхөрлөлийн гишүүд тулгамдаж буй асуудлаа ярьсан юм.
“Бид нинжа хэлбэрээр олон жил жонш олборлож ирсэн. Энэ бол хууль бус юм. Одоо бичил уурхайн хэлбэрт шилжиж ТББ байгуулан ажиллаж байна. Ингэснээр албан ёсны бүртгэлтэй, тамаг тэмдэгтэй, татвар төлдөг болсон. Нэг ёсондоо нийгмийн хариуцлагтай болсон гэсэн үг. Манай нөхөрлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Бидний амьдралын эх үүсвэр бичил уурхай л болж байна.
Манай энд жонш авдаг компани бий. Тэнд олборлосон хүдрээ борлуулдаг. Нэг тонн жоншийг 100 мянган төгрөгийн хөлсөөр олборлодог. Цааш нь хэдэн төгрөгөөр зардагыг мэдэхгүй. Бид 9-лээ ажилладаг. Тэгэхээр 300 мянган төгрөгөө 9 хуваана гэсэн үг. Дам сураг сонсвол 85 хувийн агуулагтай жонш нэг тонн нь 200 гаруй мянган төгрөг байна гэнэ лээ. Бид эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар бас төлнө. Жишээ нь нэг хүн сард 54 мянган төгрөг орон нутгийн төсөвт тушаадаг. Гарц сайтай бол өдөрт 5 муу бол 3 тонн жонш олборлож байна. Өдрийн хоол, шатахуун гээд бүх зардлаа хасаад сард 500-600 мянган төгрөгийн цалинтай. Цалин амьдралд төдийлөн хүрэлцэхгүй байна. Эрчүүд нь жонш олборлодог. Энд эмэгтэй хүнд хийх ажил алга гэж хэлж болно. Гол нь жоншны гарц ямар байна, тэр хэмжээгээр л бидний цалин орлого тодорхойлогдоно. Бэрхийн уурхайг олон жил ашигласан болохоор одоо гүний ус шүүрч гараад бидэнд ажиллах ажиллах нөхцөл хүндэрсэн. Уурхайн усыг хоёр талаас нь шавхаж авах боломжтой гэдэг. Гэвч үүнийг хийхэд нэлээд зардал, хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах байх” хэмээв