Үнэт эдлэлийн дархны сургалтын шинэ танхим үүдээ нээлээ
2018-01-23

Эдүгээ нийгмийн эрэлт шаардлагад бүрэн нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв дадал төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэдэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 52 дахь жилийнхээ босгон дээр Германы олон жлсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (ГОУХАН) хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, Монгол Улсад үнэт эдлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Үнэт эдлэлийн дархны сургалтын шинэ танхимаа нээлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга С. Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн суурин төлөөлөгч Д.Пассон, хөтөлбөрийн захирал С.Ханзелманн, ҮУПК-ийн багш, ажилчид, оюутан суралцагчид, хамтран ажиллагч, түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав Үнэт эдлэлийн танхимыг нээж хэлсэн үгэндээ “Энэ өнгөрсөн түүхэн хугацаанд нийтлэг үйлчилгээ, гар урлал, урлал дизайн, техник технологийн 32 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх Мэргэжлийн сургалт, Мэргэжлийн боловсролын сургалт, Техникийн боловсролын сургалтын хичээлийн хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй уялдуулан мэргэжлийн, бүрэн дунд боловсролын, болон техникийн боловсролыг эзэмшүүлэх Политехник коллежийн статустай сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаад зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан сургалт явуулж буй Мэргэжлийн боловсролын цорын ганц сургууль боллоо. Өнөөдрийн энэ Үнэт эдлэлийн дархны сургалтын танхимын тоног төхөөрөмж дээр суралцах залуусаас Монгол Улсын үнэт эдлэлийн дархны мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, өөрийн гэсэн хэв маяг, арга барилтай олон алдар гавьяатан төрж гарна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Үнэт эдлэлийн дархны ангийн сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулсан. Уг хөтөлбөрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 1,5 жилээр болон богино хугацааны сургалт, дадлагын хичээлийг орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр явуулах өргөн боломжийг оюутан суралцагчдад олгож байгаа юм.

ГОУХАН –ийн зүгээс Урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшиж төгссөн 10 оюутанд Үнэт эдлэлийн дархны мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэйгээр шатлан суралцах Эрхийн бичгийг гардуулсан нь энэ арга хэмжээний чухал нэг хэсэг боллоо.

ҮУПК нь сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, мэргэжлийн боловсролын салбартаа тэргүүлэх амжилтуудыг үзүүлээд байна.

Сэтгэгдэлүүд