planetGOLD Монгол төслийн цахим товхимлын сүүлийн дугаар
2025-07-03

planetGOLD Монгол төслийн цахим товхимлын сүүлийн дугаар

Бид алтны бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, уг салбарт мэргэжлийн хандлагыг бий болгох, улмаар бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг халахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн бичил уурхайчид, боловсруулагчид, алтны худалдаачид зэрэг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Бичил уурхайг албажуулж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтын орчныг сайжруулснаар орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах боломжтой юм. Та бүхэн төслийн үр дүн, үйл ажиллагааны талаарх мэдээллийг FacebookTwitter/X, болон LinkedIn хаягаас авна уу.

Энэ удаагийн товхимолд дараах мэдээллийг багтаалаа:

  • Ололт амжилтаа хуваалцаж, цаашдын тогтвортой байдлыг хэлэлцэв 

  • Төслийн удирдах хорооны хаалтын хурал болов

  • Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай алтны бичил уурхайн салбарын арга туршлагыг бэхжүүлэх чиглэлд ажиллав 

  • Мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цехүүдийн ажиллагааг бүрэн хангав 

  • planetGOLD Монгол төсөлтэй хамтран ажиллаж буй бичил уурхайн нөхөрлөл болон хадгаламж, зээлийн хоршооны төлөөлөлтэй уулзав

  • Бичил уурхайн салбарын албажуулалт ба орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд ажиллав 

  • Мэдлэг түгээх чиглэлд хүрсэн үр дүнгийн тогтвортой байдлыг хангав 

  • Талархал

Манай товхимлыг таалан болгооно уу!

ОЛОЛТ АМЖИЛТАА ХУВААЛЦАЖ, ЦААШДЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

planetGOLD Монгол төсөл мөнгөн усны хэрэглээгүй, албажсан, санхүүгийн хүртээмж бүхий алтны бичил уурхайн салбарыг төлөвшүүлэхэд зургаан жилийн турш амжилттай хэрэгжиж, албан ёсоор өндөрлөж байна. Төслийн хаалтын арга хэмжээ 2025 оны 5-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод болж, холбогдох төрийн албан хаагчид, олон улсын хамтрагч байгууллага болон төслийн зорилтот аймгууд болох Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ аймгийн бичил уурхайчдын төлөөлөл бүхий 50 гаруй оролцогчид хуран чуулж, төслийн үр дүнг хэлэлцлээ.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага болон Байгалийн нөөцийн хамгааллын зөвлөлийн төлөөлөгчид арга хэмжээнд нээлтийн үг хэлж, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд төслийн оруулсан хувь нэмрийг тодотгож, хариуцлагатай, мөнгөн усгүй алтны бичил уурхайн салбарыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг онцлов.

Арга хэмжээний үеэр “Төслийн үр дүнгийн тогтвортой байдал ба хэтийн төлөв” сэдэвт хэлэлцүүлэг болж, панелистууд төслийн хүрээнд бий болсон мөнгөн усгүй технологийн дэвшлийг орон даяар түгээх, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд талууд хэрхэн хамтарч ажиллах тал дээр хэлэлцэж, төслийн үр нөлөөг урт хугацаанд хадгалах чиглэлд тус тусын үзэл бодлоо илэрхийлэв. 

Төслийн гүйцэтгэгч байгууллага болох Алтны бичил уурхайн зөвлөл болон бичил уурхайчдын төлөөлөл арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ төслийн үйл ажиллагаа өндөрлөж буй хэдий ч бичил уурхайчид өөрсдөө удирдсан хадгаламж, зээлийн хоршоо байгуулагдаж, алтны хүдэр боловсруулах мөнгөн усгүй цехүүд байгуулсан нь Монголын бичил уурхайн салбарт урт хугацааны бодит үр дүн болж үлдэнэ гэдгийг онцлов.

planetGOLD Монгол төсөл нь КОВИД-19 цар тахал болон бодлогын орчны тодорхой бус жилүүдэд хэрэгжсэн хэдий ч бичил уурхайн байгууллагуудын чадавх бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны талаар олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтуудын хэрэгжилтэд бодит ахиц дэвшил гаргах чиглэлд үр дүнтэй ажиллаж, алтны бичил уурхайн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэх бат бөх суурийг тавьж ийнхүү өндөрлөж байна. 

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХААЛТЫН ХУРАЛ БОЛОВ

planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны хаалтын хурал 2025 оны 1-р сар болон 5-р сард тус тус хуралдлаа. БОУАӨЯ-ны даргалсан эдгээр хурлуудад холбогдох яам, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов. 

Нэгдүгээр сарын хурлаар төслийн 2024 оны тайланг дүгнэж, 2025 оны төлөвлөгөөг батлав. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд төслийн нэвтрүүлж буй алтны хүдэр боловсруулах мөнгөн усгүй цехүүдийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхэд шаардлагатай байгаа олборлолтын талбайн асуудлын талаар онцгойлон хэлэлцэв.

Дараагийн хурлаар planetGOLD Монгол төслийн баг 2025 оны үйл ажиллагааны тайлан болон төслийн үр дүнгийн зорилтуудын биелэлт, үр дүнгийн талаар танилцуулга хийв.  

Удирдах хорооны гишүүд төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг цаашид хэрхэн хангах, баталгаажуулахад оролцогч талуудын үүрэг оролцоо, амлалтуудын талаарх төлөвлөгөөг хэлэлцэж санал солилцов. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөл удахгүй хийгдэх төслийн хаалтын үнэлгээнд Удирдах хорооны гишүүд дэмжлэг үзүүлж оролцохыг хүслээ. 

Удирдах хорооны гишүүдийн зүгээс төслийн 2025 оны тайланг хангалттай гэж дүгнэж, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахад талууд чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг зөвлөснөөр хурал өндөрлөв. 

САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХАРИУЦЛАГАТАЙ АЛТНЫ БИЧИЛ УУРХАЙН САЛБАРЫН АРГА ТУРШЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАВ 

2025 оны эхний хагас жилд planetGOLD Монгол төсөл нь бичил уурхайчдын санхүүгийн хүртээмж, зах зээлд нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд “Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээний олон улсын стандарт болох КРАФТ код дээр суурилсан planetGOLD шалгуурыг ханган ажиллахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллав. 

Төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ нь одоогоор 57 гишүүнтэй болж, хадгаламж, зээлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тавдугаар сард ХЗХ-ны удирдлагуудыг Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооноос зохион байгуулсан менежментийн болон үйл ажиллагааны ур чадвар сайжруулах сургалтад хамруулав. Түүнчлэн холбогдох бусад техникийн болон тайлагналын зөвлөмжүүдийг төслийн зүгээс тухай бүр өгч ажиллав.

КРАФТ кодын хэрэгжилт хариуцсан “Түнхэл Манлай” нөхөрлөл болон “Баатар Вангийн Хишиг” ТББ-ын ажилтнууд 2025 оны 4-р сард 14 бичил уурхайчдад зориулан сургалт зохион байгуулж, магадлан шинжилгээний арга зүй, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, planetGOLD шалгуур үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгөв. Мөн тэд бичил уурхайчидтай хамтран төслийн хүрээнд боловсруулсан үнэлгээний хэрэгслийг ашиглан өөрсдийн нөхөрлөлийн үнэлгээг дахин гүйцэтгэж, төсөл дууссаны дараа ч өөрсдийн үнэлгээг бие даан гүйцэтгэж сурах эхлэлийг тавилаа.

Эдгээр үйл ажиллагаа нь Монголын бичил уурхайн салбарт санхүүгийн хүртээмжийг тогтворжуулах, хариуцлагатай алтны худалдааны арга туршлагыг хөгжүүлэх чухал үндэс суурийг бүрдүүлж байна.

МӨНГӨН УСГҮЙГЭЭР АЛТНЫ ХҮДЭР БАЯЖУУЛАХ ЦЕХҮҮДИЙН АЖИЛЛАГААГ БҮРЭН ХАНГАВ 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулсан алтны хүдэр баяжуулах мөнгөн усгүй цехүүдийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийг турших ажлыг 2025 оны эхний хагаст бүрэн гүйцэтгэж дууслаа. 

“Шижир Хишиг” нөхөрлөлтэй хамтран байгуулсан Мандал сумын цехийн хувьд олборлолтын газрын зөвшөөрлийг албан ёсоор авч, 5-р сард тус цехийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг Ашигт малтмалын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа. Зөвлөлийн зүгээс зарим нэг тодруулга, өөрчлөлтүүдийг тусгаж, эцэслэн батлуулахыг зөвлөв. Тус цехийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил үргэлжилж байгаа бөгөөд 7-р сард багтаан эцэслэгдэх товтой байна. 

“Түнхэл Манлай” нөхөрлөлтэй хамтран байгуулсан Түнхэл тосгоны цехийн хувьд зөвшөөрөл авахаар сонгосон олборлолтын талбай нь ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтын талбайтай давхацсаны улмаас дүгнэлт гарах боломжгүй болоод байна. Тус талбайгаас 5 га газрыг чөлөөлөх хүсэлт өгч, холбогдох албан тушаалтнуудтай уулзах, хэлэлцэх ажлыг үргэлжлүүлж байна. 

Түүнчлэн төслийн зүгээс хоёр цехийн үйл ажиллагаа хэвийн явагдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цехийн үйл ажиллагааны гарын авлага, зааврыг боловсруулав. Дээр дурдсан зөвшөөрлүүдийг авсны дараа хоёр цехийн бүртгэл албан ёсоор хийгдэх бөгөөд Монголын бичил уурхайн салбар дахь алтны хүдэр боловсруулах мөнгөн усгүй загвар үйлдвэрүүд болгохоор зорин ажиллаж байна. 

Дээрх цехүүдийг байгуулах сонгон шалгаруулалтын явцаас эхлээд цехийн бүтээн байгуулалт дуусах хүртэлх бүхий л үйл явцын талаар дараах баримтат киноноос үзээрэй. 

planetGOLD МОНГОЛ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ БИЧИЛ УУРХАЙН НӨХӨРЛӨЛ БОЛОН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Төслийн үндсэн хэрэгжүүлэгч болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (БОХ), төслийн гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ)-ийн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгон дахь “Шижир Хишиг” нөхөрлөл, "Түнхэл Манлай" нөхөрлөл болон “Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны төлөөлөлтэй уулзаж, төслийн хүрээнд хүрсэн хамтын үр дүн болоод цаашид тэдгээрийг урт хугацаанд хадгалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар санал солилцов

“Шижир Хишиг” нөхөрлөл нь 2025 оны 3-р сард бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэрээгээ байгуулж, 9-р сар гэхэд олборлолтын амаа нээхээр төлөвлөж байна. Ингэснээр тус нөхөрлөлийн planetGOLD Монгол төсөлтэй хамтран Мандал суманд байгуулсан алтны хүдэр баяжуулах цехэд зөвшөөрөлтэй талбайгаас алтны хүдэр нийлүүлэх боломж нээгдэж буй юм. 

“Баатар Вангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны хувьд үйл ажиллагаагаа хэдийн эхэлж, зээл олгох, хадгаламж өсгөх, шинээр гишүүн элсүүлэх ажил нь жигдэрсэн байна.  Уулзалтаар ХЗХ-ны зүгээс үйл ажиллагаагаа НҮБ-ын БОХ болон АБУЗ-ийн төлөөлөлд дэлгэрэнгүй танилцуулж, цаашид үйл ажиллагаагаа улам бүр жигдрүүлэх, тогтвортой байдлыг хангах талаар зөвлөлдөв. 

Түүнчлэн “Түнхэл Манлай” нөхөрлөлийн баяжуулах цехийн нөхцөл байдалтай танилцаж, олборлолтын газрын зөвшөөрлийн явц, асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа тал дээр санал солилцож, шаардлагатай уулзалтуудыг холбогдох төрийн байгууллагатай хийхээр тохиролцов.

НҮБ-ын БОХ болон АБУЗ-ийн төлөөлөл олборлолт эхлэх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, байгаль орчны дүрэм журмыг чанд мөрдөх нь хамгийн чухал болохыг онцолж, цаашид ХЗХ-ны зүгээс Мандал сумын иргэдийг хамруулан хоршооны үйл ажиллагаагаа тэлэх ажилд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.  

БИЧИЛ УУРХАЙН САЛБАРЫН АЛБАЖУУЛАЛТ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАВ

planetGOLD Монгол төсөл бичил уурхайн салбарын албажуулалтыг дэмжих зорилгоор зорилтот сургалт, орон нутгийн хамтын ажиллагаа, зөвлөн туслах арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

2025 оны 4-р сард Мандал суманд 8.83 га бичил уурхайн зориулалтаар ашиглах олборлолтын талбайг олгосон тул төслийн зүгээс 37 бичил уурхайчныг тус сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, өндрөөс аврах ажиллагааны чиглэлээр танхимын болон практик сургалтад хамрууллаа. Мөн 3-р сард Байгаль орчны хяналтын тасаг болон Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 40 бичил уурхайчинд нийгмийн даатгал, байгаль орчны хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт өгч, эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулав.

Түүнчлэн БОУАӨЯ-ны санаачилгаар  байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 52 байгууллагын 93 оролцогчийг хамарсан сургалт зохион байгуулж, химийн бодисын эрсдэл, байгаль орчинд учрах хохирлыг үнэлэх аргачлал, шинэчлэгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг танилцууллаа. Мөн байгаль орчны мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын авлага боловсруулав.

Ховд аймгийн Булган сумын бичил уурхайн нөхөрлөлүүдэд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран бичил уурхайгаар албан ёсны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг авахад арга зүйн туслалцаа үзүүлж ажиллав. Газрын координатын давхцал болон зөрүүгээс шалтгаалан тус сумын нөхөрлөлүүд газрын зөвшөөрлөө авахад саад тулгараад буй хэдий ч төслийн зүгээс орон нутгийн болон төвийн холбогдох байгууллагуудтай холбогдож, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө идэвхийлэн ажилласаар байна.

МЭДЛЭГ ТҮГЭЭХ ЧИГЛЭЛД ХҮРСЭН ҮР ДҮНГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАВ

planetGOLD Монгол төслийн явцад бүтээсэн мэдлэг, мэдээллийн сан нь төслийн онцлох үр дүнгийн нэг юм. Эдгээр үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд дараах ажлуудыг гүйцэтгэлээ.  

Төслийн үр дүнг дүрсжүүлэв

Төслийн үр дүн, ололт амжилтыг өргөн хүрээнд түгээх зорилгоор видео контент бэлтгэлээ. Мөн бичил уурхайн салбарын албажуулалт, мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах, бичил уурхайчид болон орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зэрэгт гарсан ахиц дэвшлийг багтаасан “Төслийн үр дүнгийн танилцуулга”-ыг боловсруулж нийтэллээ.

Видеоны богино хувилбарыг эндээс үзнэ үү.

Мэдлэгийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэв

Төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хадгалах стратегийн хүрээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд боловсруулсан бодлогын зөвлөмж бүхий судалгааны тайлангууд, техникийн гарын авлага, олон нийтэд зориулсан мэдээллийн материалуудыг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Монгол Улсын Их Сургуулийн номын санд албан ёсоор хүлээлгэн өглөө. Ийнхүү голлох номын сангуудад төслийн мэдлэгийн бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгснөөр алтны бичил уурхайн холбогдол бүхий эдгээр материалууд 70,000 орчим оюутан, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй болж байгаа юм. 

ТАЛАРХАЛ

planetGOLD Монгол төсөл амжилттай хэрэгжиж дуусаж буй энэ мөчид бид бүхий л хамтрагч талууддаа талархлаа илэрхийлж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд бид мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, бодлогын орчныг бэхжүүлэх, бичил уурхайчдыг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах үйлсэд хамтдаа хүчин зүтгэлээ.

Энэ хугацаанд бидний хүрсэн үр дүн та бүгдийн үнэт зөвлөмж, туслалцаа,  хамтын ажиллагааны үр дүнд бий болсныг онцгойлон дурдаж байна.  

Төслийн үйл ажиллагаа ийнхүү өндөрлөж буй хэдий ч бидний эрхэм зорилго, хүрсэн үр дүн цааш үргэлжлэх болно. Бид хамтдаа Монголын алтны бичил уурхайн салбарын хөгжлийн төлөө хийсэн бүхний үрээр салбар улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна. 

Монголын бичил уурхайн салбарыг албажуулах, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх, мөнгөн усгүй ирээдүйг хамтдаа бүтээхэд тусалж дэмжсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,


planetGOLD Монгол төсөл

Сэтгэгдэлүүд