Монголын Бичил Уурхайн Дээвэр Холбооны түүхэн замнал
2017-03-14

Бичил уурхай нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг гэхээсээ илүү ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг эерэг үр нөлөө авчирдаг. Тиймээс бичил уурхай бүхий улс орнууд үүнийг эдийн засаг, нийгмийн салбар болгон хөгжүүлэхийн тулд, ядуурлыг бууруулах, хуулийн дагуу хувиараа ашигт малтмал олборлогчдын бизнесийн нөхцлийг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн дэглэмийг тогтворжуулах, бичил уурхайн тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн дөрвөн тулгуур асуудлыг бодлогодоо тусган хэрэгжүүлэхийг чухалчилдаг байна.

Манай улсад хариуцлагатай бичил уурхай төлөвшүүлэх, улс орны нийгэм, эдийн засагт бичил уурхайгаас үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, олон нийтэд бичил уурхайн талаар эерэг ойлголтыг бий болгоход, хувиараа ашигт малтмал олборлогчдын аюулгүй байдал, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн нэгдсэн бүтэц байх шаардлага бий болсноор бичил уурхайн байгууллага (нөхөрлөл, төрийн бус байгууллагууд)-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалах, төр болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдын хоорондын холбоо харилцааг сайжруулах, бэхжүүлэх зорилгоор Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ эсвэл Дээвэр Холбоо) нь 2013 оны тавдугаар сарын 2-нд анхлан байгуулагджээ. Тус дээвэр холбоо нь одоогийн байдлаар 67 бичил уурхайн төрийн бус байгууллага, 6200 орчим гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд хал багатай, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.

Бүх гишүүдийн зөвлөлдөх уулзалт

 

Бичил уурхайчдын өөрсдийнх нь төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Монгол орон даяар явж, иргэд хувиараа ашигт малтмал олборлож буй бүхий л нутаг, газарт хүрч, тэдэнтэй уулзаж, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх гарц, арга замуудыг судлан тодорхойлж, бичил уурхайчдын оролцоог жинхэнэ утгаар нь хангасны үр дүнд тэд дуу хоолойгоо төр засагт хүргэх, эрхээ хамгаалуулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд явуулах нэгдсэн дээвэр байгууллага шаардлагатай байгааг нийт 3,000 гаруй хүний 100 хувийн саналаар баталсан юм. Ингээд 2013 оны тавдугаар сарын 1-2-нд бичил уурхайчдын анхны Их хурлыг Монгол орны өнцөг булан бүрээс бичил уурхайчдыг төлөөлөн ирсэн 250 гаруй оролцогчтойгоор Төрийн ордонд хуралдуулж, Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоог албан ёсоор хүлээн зөвшөөрч, байгуулсан юм.

Дээвэр Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд

 

Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо тэдэнд тулгарч буй энэ мэт асуудлуудыг шийдвэрлэх үүднээс байгуулагдсан цагаасаа хүний эрхэд суурилсан хандлага, арга барилаар үйл ажиллагаагаа явуулсны үр дүнд бичил уурхайчид хүний язгуур эрхийн тухай ойлголтыг сайтар мэддэг болж, аж амьдрал, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчим, соёлыг төлөвшүүлэн хэвшүүлж, хариуцлагатай бичил уурхайн хөгжилд эерэг нөлөө үзүүлсээр байна. Түүнчлэн, төрийн байгууллагын бодлого үйл ажиллагаа, дүрэм журмаар дамжуулан хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангаж ажиллах, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг сайжруулан өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол тусгаж ажилладаг болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Тодруулж хэлбэл, эрх эдлэгч нь эрхээ мэддэг байх, хамгаалуулах, үүрэг хүлээгч нь төрийг төлөөлж чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг бүрэн хамгаалж, хүндэтгэж ажиллахыг удирдлага болгодог байх тогтолцоог бэхжүүлэхэд Дээвэр Холбоо бодлого, арга барилаа чиглүүлж байгаа нь хөгжилд хүрэх үр дүнтэй санаачилга болсныг тэдний үйл ажиллагааны үр дүнгээс харж болохоор байна.

Дээвэр Холбооны бодлого чиглэл нь мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд гишүүд, бичил уурхайн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж, бичил уурхайчдаа эрх мэдэлжүүлэх замаар тулгамдаж буй асуудлыг оролцооны аргаар шийдвэрлэх боломжийг аль болох нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч ажилладагт оршино.

Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа ч ажилтнуудын хичээнгүй зүтгэл, бүтээлч, чин сэтгэлийн үрээр богино хугацаанд чамгүй олон зүйлийг хийж бүтээн, үр дүнд хүрч байгааг гишүүд нь хэлж байна. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг дэмжих үүднээс Дээвэр Холбооны мэдээллийн хуудсыг улирал тутам гаргаж, гишүүд, төрийн бус байгууллагууддаа түгээн, эргээд тэднээс санал авч ажилладаг нь бүх л түвшинд оролцоог хангахыг эрмэлзэж буйн илрэл юм. Мөн байгууллагын тогтвортой байдлыг хангах үүднээс удирдлагын болон өдөр тутмын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах зарчмыг баримтлахын зэрэгцээ холбооны удирдах болон гүйцэтгэх ажилтнуудынхаа чадавхыг сайжруулахад байнга анхаарч байгаа нь 2015 оноос эхлэн бусад байгууллагуудтай гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа зэргээс тодорхой харагдана.

Бичил уурхайчдын хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал ихээхэн ноцтойгоор тавигддаг. Энэ талаар тэдэнд мэдлэг олгох, эерэг дадал хэвшүүлэх, сайн туршлага нэвтрүүлж аюулгүй ажиллагааг дээшлүүлэх, осол эндлийг бууруулах үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах албатай Харилцан ойлголцлын санамж бичиг зуран, хамтран ажилладаг.

Гишүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд үр дүнтэй хүргэх, шийдвэр гаргах үйл явцад бичил уурхайчдын саналыг бүрнээ тусгаж ажиллах зорилгоор салбарын яам, агентлаг, байгууллагууд дахь хууль эрхзүй, бодлогын холбогдох ажлын хэсгүүдэд төлөөлөн оролцож байна. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын зөвлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдсан Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг сайжруулах ажлын хэсэг, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бичил уурхайчдын эрүүл мэнд, нийгмийн даатгал хамрагдалтыг сайжруулах ажлын хэсэгт тус тус орж, салбарын болон салбар дундын бодлогын уялдаа холбоо, үр өгөөжийг дээшлүүлэх замаар бичил уурхайчдын эрх ашгийг хамгаалахад Дээвэр Холбоо бүхий л хүчин чармайлтаа чиглүүлэн ажиллаж байна.

Богино хугацаанд Дээвэр Холбоо чамгүй олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэж чадсаны гол учир нь “хүний эрхэд суурилсан нөлөөллийн стратеги”-аа мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа дотоодын хүний нөөц, чадавхиа бэхжүүлсэнд оршиж буй юм. Хамгийн чухал нь хүний эрхэд суурилсан аргачлалыг нөлөөллийн арга хэрэгсэл болгон ашиглаж, үүнийгээ гишүүн төрийн бус байгууллагууддаа таниулан, үйл ажиллагаанд нь мөрдлөг болгон ашиглаж байгаа нь шинэлэг агаад дэвшилтэт юм. Цаашлаад, хүний эрхэд суурилсан аргачлалыг бусад салбаруудад жишиг болохуйцаар хэрэглэж буй энэхүү туршлагыг түгээн дэлгэрүүлж, загвар болгох нь зүйтэй санагдана.

Сэтгэгдэлүүд