“Хүсэл тэмүүллийн аялал” амжилтын түүх
2017-03-15

Ч.Самдан нь айлын 7 дахь охин бөгөөд бага насаа Баянхонгор аймгийн Баацагаан суманд өнгөрүүлсэн. Тэрээр 1997 оноос эхлэн анх ажлын гараагаа аймгийнхаа төвд сүү цагаан идээний дэлгүүр ажиллуулж байснаар эхлүүлжээ. 2002 онд байгалийн гамшгийн улмаас мал аж ахуйд учирсан хохирлыг амссан малчид малгүй болж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ихээхэн хомсдолд орсон тэр үед хүмүүс байгалийн баялгийг гар аргаар олборлож алтны “нинжа” хэмээх олон мянган хүмүүс бий болсон.

Энэ үед Ч.Самдан ч мөн л энэ хүмүүсийн нэгэн болж өөрийн амьдралаа залгуулахын төлөө 10 гаруй жил алт олборлож ажилласан байна. 2002-2011 онуудад маш их хүнд бэрхшээлийг бусдын нэгэн адил даван туулж ирсний хувьд яавал бид бүхэн байгаль дэлхийн баялгаа зөв зохистой ашиглаж болох вэ гэсэн санаа төрж тухайн үед хамт ажиллаж байсан хэсэг нөхөдтэйгээ 2012 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Алтан усны хөгжил” ТББ-ыг 50 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж тэргүүнээр нь сонгогдон өнөөдрийг хүртэл 5 дахь жилдээ ажиллаж байна.

Хань Ганболдынхаа хамт 4 хүүхдээ бичил уурхайн салбарт ажиллаж өөрийнхөө амьдралыг харьцангуй дээшлүүлснээр одоо үр хүүхдүүд нь өөрийн гэсэн ажил, амьдрал ахуйтай болж дор бүрнээ ажиллаж сурч байна. Үүсгэн байгуулсан ТББ-ынхаа үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах хүсэл, зорилго, гишүүдийнхээ итгэл найдварт хөтлөгдөн явсан тэр үед Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Бичил уурхайн хууль эрх зүйн орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгууллагын дотоод зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх зэрэг олон удаагийн сургалт, зөвлөгөөнд хамрагдаж мэдсэн сурсан зүйлээ бусадтайгаа байнга хуваалцаж ажил хэрэг болгож чадсан хөдөлмөрч эмэгтэй юм.

Ямар нэгэн зохион байгуулалтанд ороогүй, эмх замбараагүй байдалтай ажиллаж байсан “нинжа” нэртэй хувь хүмүүсийн үйл ажиллагааг зохион байгуулалтанд оруулж ТББ-ын гишүүдийн, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах томоохон боломж бий болж улмаар аймаг, сумынхаа төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах нөхцөл боломжууд жилээс жилд өргөжин тэлж байгаад баяртай байдгаа тэрээр байнга олон түмэндээ хуучилна.

Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэн, өрх гэр бүлийг дэмжин ажиллаж, төсөл хөтөлбөрт хамруулахтэдний ажиллах нөхцөл, бизнесийн орчинг дэмжин ажиллахыг чухалчланүзэж бичил уурхайгаас өөр ажлын байрыг бий болгох ойлголтыгнийгэмд бий болгох, гар аргаар ашигт малтмал олборлогчдын эвдэрч орхигдсон газар болон одоо ажиллаж буй бичил уурхайн газруудыг нөхөн сэргээх байгаль орчны сөрөг нөлөөллөөс ангижруулахыг “Алтан усны хөгжил” ТББ үйл ажиллагааны үндсэн чиглэлээ болгон ажиллаж байгаагийн үр дүнд ч нэлээдгүй олон төсөлд хамрагдан хэрэгжүүлсэн байна.

“Алтан усны хөгжил” ТББ-ын гишүүд

Хариуцлагатай бичил уурхайчин Ч.Самдан сум, орон нутаг, аймаг, Азийн сантай хамтран дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажлыг тухай бүр цаг хугацаанд нь хийж дуусгавар болгон тус сумын ажлын хэсэгт ажлын чанарын үзүүлэлтийг хангалттай сайн гэсэн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгч ажилласан байна. Мөн Тогтвортой бичил уурхай төсөл болон ТББ-ын идэвх оролцоогоор үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн биологийн нөхөн сэргээлт хийгдэж улмаар хүнсний ногоо тариалах арга техникт гишүүд, тэдний гэр бүлийнхэн суралцаж байна.

Олон улсын болон дотоодын санхүүжилтээр дэмжигдсэн хөрөнгийг зориулалтын дагуу зөв зохистой ашиглаж байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл хүмүүжил төлөвшлийг бий болгоход ихээхэн үр нөлөөтэй ажил арга хэмжээ болж, тус ТББ-ын гишүүд, тэдний гэр бүл өөрийн гэсэн ажлын байртай, орлоготой болох нөхцөлөөр хангагдах нааштай алхмууд бий болсоор байна. Саяхан тэрээр Филиппин улсад туршлага судлах, танилцах аялалд оролцож гадны орны туршлага, сургамжаас суралцахаар явсан бөгөөд хөдөлмөрч хүн хаа явсан газраасаа шинийг олж харж, үр дүнтэй ажил болгохын төлөө санаачилдагийн жишээ болж, “Энэ аялалд намайг явуулсан явдал нь цаашид улам ихийг хийх хүсэл тэмүүллийг минь бадрааж өгсөн” гэж ярьж байна.

Ч.Самдан Филлипин улсын Давао хотод

 

Сэтгэгдэлүүд