Хүний эрхийн сэтгүүлч клубын уулзалт боллоо
2017-03-14

Хүний эрхийн Үндэсний Комисс нь сэтгүүлчдийг хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг хүний эрхийн мэдрэмжтэй болгох, сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх зорилгоор "Хүний эрхийн төлөө - Сэтгүүлчид” клубыг 2012 онд байгуулан ажиллаж байгаа билээ. Уг клубтай Швейцарийн хөгжлийн агенлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл бичил уурхай дахь хүний эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Клубын 2017 оны анхны уулзалт 2 дугаар сарын 7-ны өдөр ХЭҮК-ын байранд боллоо. Уулзалтад Комиссын дарга Ж.Бямбадорж, Комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, клубын гишүүн 27 сэтгүүлч, "Тогтвортой бичил уурхай” төслийн мэргэжилтэн Ө.Батсайхан, Ц.Тансагмаа, Н. Уранчимэг болон Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны мэргэжилтэн Р. Түмэндэмбэрэл нар оролцлоо.

Уулзалтыг Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, хүний эрхийг хангах, хамгаалахад сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг талаар болон Комиссын зүгээс 2017 онд клубын гишүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар нээж үг хэллээ

Энэ удаагийн уулзалтаар "Тогтвортой бичил уурхай” төслийн мэргэжилтнүүд "Монголын бичил уурхайн мэдлэгийн төв, түүний үйл ажиллагаа”, "Бичил уурхайгаар олборлосон алтны борлуулалтын сүлжээ, түүнийг албажуулах, шударга олборлолтын стандарт”, "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны танилцуулга” зэрэг мэдээллийг хийж хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалт
Сэтгэгдэлүүд