Төслийн дэмжлэгтэйгээр Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо (МБУНДХ) нь гишүүдийнхээ дунд “Хүний эрхэд суурилсан арга барил, жендэрийн тэгш байдал бичил уурхайчдын амьдралд” сэдэвтэйгээр бичил уурхайчдын амьдралын бодит түүх, зохион бичлэгийн уралдаан зарлан дүгнэсэн юм. Дээрх уралдаанд шалгарсан зохион бичлэгүүд болон бичил уурхайн байгууллагууд, бичил уурхайчид Хүний эрх, жендэрийн тэгш байдлыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж буй талаар ТБУТ-ийн жендэрийн зөвлөх Б.Алтанцоожийн бичсэн бодит түүхүүдийг энэ номонд эмхэтгэн та бүхэндээ хүргэж байна. Энэхүү ном нь бичил уурхайчдад эрхээ мэдэж, эрхээ шаардсанаар бичил уурхайн нөхөрлөл, ТББ болон эгэл жирийн бичил уурхайчдын амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх сайн туршлагуудаас суралцах, жендерийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан бичил уурхайг төлөвшүүлэхэд хувь нэмэр үзүүлнэ гэж найдаж байна.
Нийт 11 зохион бичлэг, 20 гаруй фото зураг бичил уурхайн ТББ-даас ирүүлсэн байна. Зохион бичлэг бичсэн зарим оролцогчид нь өмнө эрхэлж байсан “нинжа” байх үеийн хүнд хэцүү байдал, бичил уурхайн салбар болон хүний эрхийн асуудлын талаарх мэдлэг дутмаг байсан үеийн түүхээсээ хуваалцжээ. Бичил уурхайчдын олонхийн хувьд байгалийн гамшгийн улмаас малаа алдсаны дараа орон нутагт шилжилтийн дараах үед ажлын байр хомс байсан тул уурхайчин болохоос өөр сонголт үлдээгүй байна. Бичил уурхайн салбарын огцом өсөлт байгаль орчинд хүндээр тусч ашигт малтмалыг олборлох үед хэрэглэх мөнгөн ус болон бусад хорт химийн бодисууд, уурхайн ослууд, орон нутгийн шилжилт хөдөлгөөн ба дагалдах нийгмийн асуудлуудыг үүсгэсэн байна. Хамгийн утга төгөлдөр, сэтгэл хөдөлгөм зохион бичлэг болон фото зураг явуулсан оролцогчидод шагнал гардуулсан юм.
Бичил уурхайчид холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулалтанд орж, албажсанаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тэдний амьжиргаа дээшилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сайжран улмаар орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй бодит жишээ, сайн туршлага, сургамжууд бий болжээ.